Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Ромын иргэн байсан элч Паул ямар онцгой эрх эдэлсэн бэ?

Паул: «Би Цезарьт давж заалдана» гэж мэдэгдсэн

Ромын иргэн, эзэнт гүрнийхээ хаана ч бай, янз бүрийн онцгой эрх эдэлдэг байжээ. Тийм хүнд орон нутгийн биш, Ромын хууль цааз үйлчилнэ. Шүүхэд дуудагдвал тухайн нутгийн хуулиар шүүгдэж болох ч, Ромын шүүхэд хандах эрхтэй. Үхлийн ял авбал эзэн хаанд давж заалддаг байв.

Эдгээр эрхийн тухай, МЭӨ I зууны Ромын төрийн зүтгэлтэн Цицерон: «Ромын иргэнийг хүлнэ гэдэг бол гэмт хэрэг, жанчина гэдэг бол ёс бус явдал, цаазална гэдэг бол эцэг эхээ алснаас өөрцгүй» гэж хэлжээ.

Элч Паул Ромын эзэнт гүрнийг хөндлөн гулд явж дэлгэрүүлсэн. Паул Ромын иргэний эрхээ эдэлсэн тухай гурван баримт Библид байдаг. 1) Филиппой хотын захирагч нар өөрийг нь жанчиж эрхийг нь зөрчсөн гэж мэдэгдсэн. 2) Иерусалимд байхдаа Ромын иргэн гэдгээ хэлж, ташуурдуулах ялаас мултарсан. 3) Ромын эзэн хаан Цезарьт давж заалдан, Ромд хэргээ шүүлгэхээр болсон (Үйлс 16:37–39; 22:25–28; 25:10–12).

Библи бичигдэж байх үед хоньчид ямар хөлс авдаг байсан бэ?

Хонь мал худалдсан гэрээ, шаантган бичиг. мэө 2050 он

Иаков нагац ах Лабаныхаа мал сүргийг 20 жил хариулжээ. 14 жил ажиллахдаа хөлс авалгүй Лабаны хоёр охиныг эхнэрээ болгон авсан. 6 жил ажиллаад хөлсөнд нь мал сүрэг авсан (Эхлэл 30:25–33). Библи бичигдэж байх үед Лабан Иаков хоёрынх шиг ийм гэрээ байгуулах нь их түгээмэл байсан гэж нэгэн сэтгүүлд тэмдэглэжээ («Biblical Archaeology Review»).

Одоогийн Ирак дахь Нүзи, Ларса зэрэг газраас иймэрхүү гэрээ олджээ. Ер нь, гэрээг жил бүр хонь хяргах үеэр байгуулдаг байсан. Хөлсний хоньчны хариуцаж авсан малын тоо толгой, нас хүйсийг гэрээнд заана. Малын эзэн жилийн дараа ноос, цагаан идээ, үр төл зэргээс тогтсон хувиа авна. Үлдсэн нь хоньчны хөлс болно.

Мал сүрэг өсөж үржих нь хоньчинд хариуцуулсан эм хонины тоо толгой хэд байхаас шалтгаална. Нэг зуун эм хонь дунджаар 80 төл гаргана. Алдагдал эндэгдлийг хоньчин хариуцах учир дааж авсан мал сүргээ сайн хариулах нь хоньчны хувьд туйлын чухал байлаа.