Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Израйлчууд Египетэд боолчлогдож байсныг нотлох Библиэс өөр баримт байдаг уу?

Библид бичсэнээр, мидианчууд Иосефыг Египет рүү авч явдаг. Түүнээс хойш олон жилийн дараа Иаковынхан Канаанаас Египетэд нүүж очоод Нил мөрний савд орших Гошен нутагт суурьшжээ (Эх. 47:1, 6). Израйлчууд «олшрон, онцгой хүчтэй болсон» тул египетчүүд айсандаа тэднийг боол болгосон (Ег. 1:7–14).

Орчин үеийн шүүмжлэгчид Библид гардаг дээрх түүхийг үлгэр домог гэж үздэг байсан. Гэхдээ семитүүд * эртний Египетэд боолчлогдож байсныг нотлох баримт бий.

Тухайлбал, археологичид Египетийн хойд зүгт малтлага хийж эртний суурингуудыг олж илрүүлжээ. Тэндээс семитүүдийн 20 гаруй сууринг олсноо доктор Жон Бимсон мэдээлсэн байна. Египет судлаач Жэймс Хоффмайер: «МЭӨ 1800–1540 оны үед Египет нь баруун Азийн семит хэлтнүүдийн хувьд цагаачилж очиход таатай нутаг байжээ» гээд цааш нь «Энэ цаг үед израйлчуудын өвөг дээдэс бас амьдарч байжээ. Тиймд энэ нь “Эхлэл” номд дүрсэлсэн цаг үе, нөхцөл байдалтай тохирдог» хэмээн бичжээ.

Бас Египетийн өмнөд нутгаас олдсон баримт бий. Дунд хаант улсын үед (МЭӨ 2000–1600 оны орчим) хамаарах папирусан дээрх бичигт Египетийн өмнөд нутгийн нэгэн айлын боолуудын нэрсийг жагсаасан байжээ. Тэдгээрийн 40 гаруй нь семит нэр юм. Боолууд нь тогооч, нэхмэлчин, хар ажилчин байжээ. Хоффмайер: «Тебайдын [Египетийн өмнө зүгийн] ганцхан айлд дөч гаруй семит боол ажилладаг байсныг бодохоор Египет даяар, ялангуяа Нилийн сав газар өчнөөн олон семитүүд амьдарч байсан бололтой» хэмээн дүгнэжээ.

Археологич Дэвид Рол уг жагсаалтад орсон боолуудын зарим нэрийг «Библид байдаг нэртэй адилхан» гэжээ. Жишээ нь Иссахар, Ашер, Шифра гэдэгтэй төстэй нэрс гардаг (Ег. 1:3, 4, 15). Рол цааш нь бичихдээ «Энэ бол египетчүүд израйлчуудыг боолчилж байсныг батлах бодит нотолгоо юм» хэмээн дүгнэжээ.

Доктор Бимсон: «[Израйлчууд] Египетэд боолчлогдож, дараа нь чөлөөлөгдсөн тухай Библид бичсэн түүх эш үндэстэй» гэжээ.

^ д/м 4 Семит гэдэг үг Шем гэдэг нэрээс үүссэн. Шем нь Ноагийн гурван хүүгийн нэг юм. Еламчууд, ассиричууд, эхэн үеийн халдейчууд, еврейчүүд, сиричүүд, арабын омгууд нь Шемийн үр удам бололтой.