Skip to content

Гарчиг руу орох

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛЫН НУУЦ

Танай хүүхэд эдгэршгүй өвчтэй бол

Танай хүүхэд эдгэршгүй өвчтэй бол

КАРЛО: * «Манай хүү Анжело, Дауны синдромтой юм. Ийм өвчтэй хүн асрах их хүч шаардсан, тэвчээр шалгасан ажил. Эрүүл хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд ямар байдаг билээ дээ. Үүнээс зуу дахин хүнд гээд бод доо. Энэ байдлаас болж заримдаа эхнэр бид хоёрын хооронд ч асуудал гардаг».

МИА: «Манай хүү шиг хүүхдэд наад захын юм заахад асар их тэвчээр хэрэгтэй. Их ядрахлаар тэвчээр алдаж нөхөртөө эвгүй ааш гаргачих гээд байдаг юм. Хааяа бидэнд санал зөрөлдөж, ам муруйх ч үе байдаг».

Хүүхэд төрөхөд аав ээж нь тэвэрч үзэхсэн гэж яардаг. Гэхдээ бяцхан үр нь эдгэршгүй өвчтэй гэдгийг дуулаад эцэг эхийн баяр хөөр, айдас түгшүүрээр солигддог. Карло Миа хоёрт тийм юм тохиолджээ.

Танай хүүхэд эдгэршгүй өвчтэй юм уу хөгжлийн бэрхшээлтэй бол таны сэтгэлийг зовоох юм бишгүй гардаг байх. Гэхдээ олон эцэг эх энэ хүнд давааг амжилттай давдаг. Та ч бас чадна. Ийм эцэг эхчүүдэд тулгардаг нийтлэг гурван бэрхшээлийг ярилцаад, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь ямар тустайг авч үзье.

ЮУ БОЛДОГ ВЭ? 1. ӨВЧТЭЙ ГЭДЭГТЭЙ НЬ ЭВЛЭРДЭГГҮЙ

Эцэг эхчүүд хүүхдийнхээ эдгэршгүй өвчтэйг эсвэл хөгжлийн бэрхшээлтэйг дуулаад сэтгэл санаа нь хямардаг. «Эмч нар манай хүү Сантъягог тархины саажилттай гэхэд нь би итгээгүй. Дотор харанхуйлаад л явчихсан» гэж Мексикт амьдардаг Жулиана гэдэг эмэгтэй сэтгэлээ хуваалцсан юм. Вилана гэдэг итали эмэгтэй: «Би их хожуу төрсөн л дөө. Хүндрэл гарна гэж мэдэж байсан ч хүүхэдтэй болмоор байсан. Тэгтэл хүү минь Дауны синдромтой төрсөнд би өөрийгөө буруутгадаг» гэж ярьжээ.

Бурхны санаа зорилгоор бол хүн өвдөж зовох учиргүй байсан. Тиймээс ийм юм тохиолдоход өөрийгөө буруутгах юм уу сэтгэлээр унах нь аргагүй ээ (Эхлэл 1:27, 28). Ер нь, хүн өөрт нь тохиолдох ёсгүй юм учрахад дор нь хүлээн зөвшөөрч чаддаггүй учир эцэг эхчүүд хүүхэд нь эрүүл мэндээ алдсанд, нэг ёсондоо, гашууддаг. Сэтгэлийн хат сууж, нөхцөл байдалдаа дасан зохицоход хугацаа хэрэгтэй.

Хүүхдээсээ болж өөрийгөө буруутгадаг бол яах вэ? Удамшлын зүй тогтол, байгаль орчин гэх мэтийн хүчин зүйл хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг одоо болтол хэн ч нарийн тайлбарлаж чадаагүй байгааг санаарай. Бас ханиа буруутгамаар санагдсан ч битгий тэгээрэй. Үүний оронд, хүүхдээ сайн өсгөх зорилго тавьж, санаа нэгтэй байх нь ухаалаг юм (Номлогчийн үгс 4:9, 10).

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ? Хүүхдийнхээ өвчний талаар мэдэж аваарай. Библид «Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог» гэж байдаг (Сургаалт үгс 24:3).

Эмч мэргэжилтнүүдээс асууж лавлаж, ном хэвлэлээс баттай мэдээлэл аваарай. Хүүхдийнхээ өвчин эмгэг, биеийн байдлын талаар мэдэж авахыг гадаад хэл сурахтай зүйрлэж болно. Эхэндээ амаргүй боловч яваандаа сурна аа.

Өгүүллийн эхэнд гарсан Карло Миа хоёр Дауны өвчтэй хүмүүсийн нийгэмлэгээс, бас эмчээсээ ихийг мэдэж авчээ. Тэд: «Дауны синдромтой хүнд ямар бэрхшээл тулгардгийг, бас ямар «сайн» тал байж болохыг мэдэж авсан. Хүүгээ тодорхой хэмжээнд жирийн хүн шиг амьдарч чадна гэдгийг мэдээд сэтгэл уужирсан» гэж туршлагаасаа хуваалцсан юм.

ОРОЛДООД ҮЗ: Хүүхдийнхээ юу чаддаггүйг биш, юу чаддагийг бодож яваарай. Гэр бүлийнхээ бүх гишүүний хийж чадах юманд цаг гаргаарай. Хүүхдээ бага боловч амжилт гаргахад нь магтан урамшуулж, баяр хөөрийг нь хуваалцаарай.

ЮУ БОЛДОГ ВЭ? 2. ЯДАРЧ, ГАНЦААРДДАГ

Өвчтэй хүүхэд асарч, хүмүүжүүлдэг эцэг эхчүүд их ядардаг. Шинэ Зеландад амьдардаг Женни: «Би нугасны ивэрхийтэй хүүгээ асраад хэдхэн жилийн дотор бүр туйлдсан. Гэрийн ажил жаахан л нэмэгдвэл хүч хүрдэггүй байлаа. Тэгээд юм л бол уйлдаг болсон» гэж ярьжээ.

Бас өөрийнх нь зовлонг хүмүүс ойлгохгүй гэж бодож, ганцаарддаг байж болох юм. Бен гэдэг эрэгтэйн хүү булчингийн тэжээлийн хямралтай, Аспергерийн синдромтой аж. Бен: «Манай гэр бүлийн амьдралыг хэн хүн ойлгохгүй л дээ» гэж хэлжээ. Та найз нөхөдтэйгөө сэтгэлээ онгойтол яръя гэвч эрүүл саруул хүүхэдтэй хүн зовлонг минь ойлгохгүй биз гэж бодоод сэтгэлээ нээдэггүй байж мэднэ.

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ? Бусдаас тусламж хүсэхдээ битгий санаа зовоорой. Тусалъя гэсэн хүнээс нэрэлхэх хэрэггүй. Дээр дурдсан Жулиана: «Нөхөр бид хоёр тусламж гуйхаасаа санаа зовдог л доо. Гэхдээ өөрсдөө хүч хүрэхгүйгээ ойлгосон. Тусалж дэмждэг хүмүүс байдаг болохоор ганцаардах сэтгэл төрдөггүй» гэжээ. Хэрэв танай дотны найз эсвэл хамаатан садан хүүхдийг тань ямар нэг арга хэмжээнд оролцуулах юм уу цуглаан дээр харж сууя гэвэл татгалзалгүй, талархан хүлээж аваарай. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэсэн мэргэн үг Библид байдаг (Сургаалт үгс 17:17).

Түүнээс гадна, эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Өвчтэй хүнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэхийн тулд түргэн тусламжийн жолооч шатахуунаа таслах учиргүй. Үүнтэй адилаар, та хоол унд, ажил амралтаа зохицуулж, дасгал хийж байвал ядарч сульдалгүй, өвчтэй хүүхдээ зохих ёсоор халамжилж чадна шүү дээ. Хавиер: «Хүү маань суумгай. Миний хоёр хөл миний ч хөл болдог, хүүгийн маань ч хөл болдог. Хоол сайн идэхгүй бол тамирдана шүү» гэжээ.

Яаж цаг гаргаж, эрүүл мэндээ анхаарах вэ? Зарим эхнэр нөхөр хүүхдээ ээлжлэн харж, нөгөөдөө амсхийх юм уу өөртөө цаг гаргах боломж өгдөг. Онцын шаардлагагүй юманд цагаа үрэхгүй бол өөртөө цаг гаргаж чадна. Үүний тулд дүн нуруутай байх хэрэгтэй. Энэтхэгт амьдардаг Маюри гэдэг эмэгтэй: «Яваандаа тогтсон хуваарьтай болдог юм» хэмээжээ.

Итгэл хүлээлгэдэг найзтайгаа ярилцаарай. Найз тань өвчтэй хүүхэд асарч үзээгүй байлаа ч таныг ойлгож чадна. Бас Ехова Бурханд залбираарай. Залбирахын ач тус юу вэ? Хоёр хүүхэд нь бодисын солилцооны хүнд эмгэгтэй Язмин гэдэг эмэгтэй: «Энэ их зовлонг яаж давна даа гэж бодогдох үе байсан. Би тайвшрал, хүч тэнхээ гуйж Еховад залбирдаг. Ехова надад сэтгэлийн тэнхээ нэмдэг» гэж ярьсан юм (Дуулал 145:18).

ОРОЛДООД ҮЗ: Ямар хоол хүнс хэрэглэдгээ, хэзээ дасгал хийдгээ, хэр сайн унтаж амардгаа бодож үзээрэй. Эрүүл мэндээ анхаарахын тулд яаж цаг гаргаж болохыг бодоорой. Нөхцөл байдалдаа тохируулан амьдралын хэвшлээ өөрчилж байгаарай.

ЮУ БОЛДОГ ВЭ? 3. ӨВЧТЭЙ ХҮҮХДЭЭ АНХААРААД БУСДЫГ НЬ ЗӨНД НЬ ОРХИДОГ

Ер нь, эдгэршгүй өвчтэй юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлын идэж уух, амарч зугаацах нь жирийн айлынхаас өөр байдаг. Өвчтэй хүүхдээ гэсээр бусдыг нь орхичихдог тал бий. Үүнээс болоод бусад хүүхэд нь өөрсдийг нь тоодоггүй гэж боддог болж мэднэ. Бас эхнэр нөхөр ч бие биеэсээ хөндийрч болзошгүй. Либерид амьдардаг Лионел гэдэг эрэгтэй: «Заримдаа эхнэр маань ачааны хүндийг ганцаараа үүрдэг, намайг хүүгээ асрахгүй байна гэж хэлдэг. Ингэж ярихад намайг дорд үздэг юм шиг санагдаад би заримдаа эвгүй авир гаргачихдаг юм» гэж илэн далангүй ярьжээ.

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ? Бүх хүүхдэдээ анхаарал тавьж байгаарай. Бүгдийнх нь дуртай юмыг хийх цаг гаргаарай. Дээр дурдсан Женни: «Бид заримдаа том хүүдээ тусгайлан цаг гаргадаг. Жишээ нь, дуртай газар нь хоолонд ордог» гэжээ.

Бүх хүүхдэдээ анхаарал тавиарай

Ханьтайгаа дотно байхын тулд ярилцаж, хамт залбирч байгаарай. Хүү нь саа өвчтэй Асээм гэдэг энэтхэг эрэгтэй: «Ядарсан, сэтгэлээр унасан үедээ ч эхнэр бид хоёр тайван сууж байгаад сэтгэлээ уудлан ярилцаж, хамтдаа залбирдаг хэвшилтэй. Өглөө болгон хүүхдүүдээ сэрэхээс өмнө Библийн зүйлийг ярилцдаг» хэмээжээ. Зарим хос оройдоо цаг гарган ярилцдаг аж. Сэтгэлээ уудлан ярилцаж, чин сэтгэлээсээ залбирах нь сэтгэл санаа тавгүй үед ч ханьтайгаа сайн харьцаатай байхад тустай (Сургаалт үгс 15:22). Нэг хос: «Эргээд харахад, бид хүнд бэрх үед ч хамтдаа жаргалтай байжээ» гэж дурссан юм.

ОРОЛДООД ҮЗ: Бусад хүүхдээ өвчтэй нэгэндээ туслахад нь магтаж байгаарай. Хань ижил, үр хүүхдэдээ хайртайгаа, талархдагаа хэлж байгаарай.

ӨӨДРӨГ БАЙГААРАЙ

Өвчин эмгэг хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ Библид бичсэнээр, Бурхан удахгүй энэ бүхнийг арилгахаа амласан (Илчлэлт 21:3, 4). Тэр цагт «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» * (Исаиа 33:24).

Та одоо ч хүүхдээ чадлынхаа хэрээр сайн асарч хүмүүжүүлж чадна. Дээр дурдсан Карло Миа хоёр: «Юу ч болж бүтэхгүй байгаа мэт санагдсан ч битгий бууж өгөөрэй. Танай хүүхдэд сайн тал олон байгаа. Тэр сайхан бүхнийг нь олж хараарай» гэж ярьсан юм.

^ Нэрсийг өөрчлөв.

^ Хүн өвдөж шаналахаа болих цаг ирэх тухай Библид бичсэн байдгийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 3-р бүлгээс үзнэ үү.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Би аль болох эрүүл, өөдрөг байж, Бурхантай дотно байхын тулд яадаг билээ?

  • Бусад хүүхдээ өвчтэй нэгэндээ туслахад нь хамгийн сүүлд хэзээ магтсан бэ?