Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭХНЭР НӨХӨР

Хүүхдүүд тусдаа гарахад

Хүүхдүүд тусдаа гарахад

ЮУ БОЛДОГ ВЭ?

Хүүхдүүд өсөж томроод тусдаа гарахад аав ээжүүдийн хувьд хамгийн хэцүү цаг үе эхэлдэг. Гэр орон нь хоосон оргиж, харь элгийн хоёр үлдэж хоцорсон юм шиг санагддаг. «Би олон гэр бүлд зөвлөгөө өгч байсан. Яагаад гэвэл хүүхэд тусдаа гараад хоорондоо яаж харьцахаа мэдэхгүй, ярих ч юм олдохгүй байна гэсэн хүмүүс ирдэг юм» гэж гэр бүл судлаач М. Гэри Ньюман бичжээ *.

Та хоёрт бас ийм бэрхшээл тулгарч байна уу? Хэрэв тийм бол харьцаагаа сайжруулах арга бий шүү. Эхлээд та хоёрын харьцаа юунаас болоод хөндийрснийг мэдэж авцгаая.

ЯАГААД ТЭГДЭГ ВЭ?

Олон жил хүүхдүүд л нэгдүгээрт байснаас. Эцэг эхчүүд бие биенээ гэхээсээ илүү хүүхдүүдээ түрүүлж боддог. Ингэх нь ч зөв. Гэвч эцэг эхийн үүргээ л анхаараад, нэг нэгнээ халамжлахаа орхигдуулдаг. Үүнийгээ хэзээ хойно, хүүхдүүдээ явсны дараа анзаардаг. «Хүүхдүүдээ байхад бид хоёр ядаж хамт хийх юмтай байсан юм байна» гэж 59 настай эхнэр хэлжээ. Тэрээр цааш нь «Хүүхдүүд маань тусдаа гарсан чинь нөхөр бид хоёр тус тусын дуртай юмаа хөөдөг болсон. Нэг удаа би нөхөртөө “Бид чинь угаасаа тусдаа амьдралтай хүмүүс” гэж хүртэл хэлж байсан юм» хэмээн ярьжээ.

Сэтгэл зүйн бэлтгэлгүй байснаас. «Олон хосын хувьд гэр бүлийн амьдралаа шинээр зохиож байгаа шиг юм болдог» гэж нэгэн номд бичжээ (Empty Nesting). Ижил төстэй юм бараг байхгүй, дор дороо сонирхдог юмаа хийж, эхнэр нөхөр гэхээсээ илүү нэг өрөөнд цуг суудаг хоёр шиг болдог байна.

Гэхдээ аз болоход, амьдралын энэ чухал үеийн давуу талыг ашиглаж, отож буй аюулаас зайлсхийх боломж бий. Библид энэ талаар юу гэж байдгийг үзье.

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Өөрчлөлттэй нүүр тулаарай. Хүүхэд өсөж томроод «эцэг эхээ орхидог» гэж Библид байдаг (Эхлэл 2:24). Тэр цаг нь иртэл та хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн. Том хүнд байх ёстой зан чанарыг төлөвшүүлсэн. Ингээд бодохлоор хүүхэд тусдаа гарна гэдэг бахархмаар хэрэг байгаа биз (Библийн зарчим: Марк 10:7).

Хүүхэд тусдаа гарсан ч та хоёр аав ээж нь хэвээрээ байна. Гэхдээ асран хамгаалагч нь биш, зөвлөгч нь болсон. Ийнхүү өөрчлөгдснөөр хүүхэдтэйгээ ч сайн харьцаатай хэвээрээ байна, ханиа ч илүү анхааран халамжлах боломж гарна * (Библийн зарчим: Матай 19:6).

Санаа зовоосон асуудлаа ярилцаарай. Амьдралд гарсан том өөрчлөлт өөрт яаж нөлөөлж байгааг ханьдаа ярихын зэрэгцээ ханиа бас сонсоорой. Тэвчээртэй байж ойлгохыг хичээгээрэй. Хоорондын харьцаагаа бэхжүүлэхэд хугацаа шаардагдах ч тэр хэрээр хичээл зүтгэл гаргах ёстой, эрхэм чухал зүйл юм (Библийн зарчим: 1 Коринт 13:4).

Хамтдаа хийх юмтай болоорой. Ханьтайгаа хамт шинээр хийж болохоор юу байна, сонирхолтой юм юу байна, тэр тухайгаа ярилцаарай. Хүүхэд хүмүүжүүлэх явцад та хоёр амьдралын арга ухаан, туршлагатай болсон. Түүнийгээ бусдад туслахад зориулж яагаад болохгүй гэж? (Библийн зарчим: Иов 12:12).

Нэг нэгнээ гэсэн сэтгэлээ бататгаарай. Бие биеийнхээ ямар зан чанарт татагдсаныг бодоорой. Одоог хүртэл ханьтайгаа яаж амьдарч ирснээ, мөн бэрхшээл, хүнд хэцүүг хамтдаа даван туулсан үеүдээ санаарай. Хүүхдүүд тусдаа гарсан энэ өөрчлөлт харин ч сайхан боломж юм. Бууж өгөлгүй хамтдаа хичээвэл та хоёр жаргалтай байгаад зогсохгүй, анх нийлж байсан үеийнх шигээ нэг нэгнээ хайрладаг болно.

^ «Emotional Infidelity» номоос авав.

^ Хэрэв та одоо ч хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа бол, ханьтайгаа «нэг бие» гэдгээ санаарай (Марк 10:8). Аав ээж нь хоорондоо дотно байгааг харахлаар хүүхэд илүү тайван байдаг.