Skip to content

Гарчиг руу орох

Сайхан сэтгэлийн үйлс

Сайхан сэтгэлийн үйлс

ЖОНЫ аав 1950-аад оны сүүлээр Энэтхэгийн Гүжарат хэмээх жижиг хотод баптисм хүртэж Еховагийн Гэрч болжээ. Жон болон ээж эгч дүү нар нь Ромын католик шашны үнэнч сүсэгтнүүд учир аавыгаа өөр юманд итгэдэг боллоо гээд эсэргүүцдэг байв.

Аав нь нэг удаа Жоноор хурлынхаа найзад дугтуйтай юм хүргүүлэхээр болжээ. Гэтэл тэр өглөө Жон лааз онгойлгож байгаад хуруугаа зүсчихэв. Тэгсэн ч гэсэн аавынхаа үгнээс зөрөхийг хүссэнгүй. Цусыг нь тогтоохын тулд хуруугаа даавууны өөдсөөр боогоод дугтуйтай юмыг хүргэж өгөхөөр явав.

Зааж өгсөн хаягаар нь явж очвол нөгөө хүний эхнэр нь байж байлаа. Тэр бас Еховагийн Гэрч байв. Дугтуйтай юмыг авахдаа Жоны хурууг харчихаад боож өгье гэжээ. Анхны тусламжийн хайрцгаа авчраад шархыг нь ариутгалын бодисоор арчиж, хурууг нь маарлаар боож өгөв. Дараа нь Жонд аяга халуун цай өгчээ. Ингэх зуураа Библийн талаар ярьж байлаа. Их эелдэг эмэгтэй ажээ.

Энэ үеэс Жон Гэрчүүдийн талаарх бодлоо өөрчилж эхлэв. Тэгээд нөгөө эмэгтэйгээс хоёр асуулт асуужээ. Есүс Бурхан мөн үү, Христийн дагалдагч хүн Мариад залбирах ёстой юу? Энэ талаар аав хүү хоёрын үзэл бодол зөрдөг байжээ. Гэрч эмэгтэй гүжарати хэл сурсан учир Жонд эх хэлээр нь хариулав. Библиэс хариуг нь үзүүлж «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээ» гэдэг товхимол өгчээ.

Жон тэр товхимлыг уншаад, уншсан зүйл нь үнэн гэдгийг ойлгожээ. Дараа нь сүмийнхээ санваартан дээр очиж нөгөө хоёр асуултаа асуув. Тэгтэл тэр санваартан уурлаад Жоны өөдөөс Библи авч чулуудан «Чи Сатан болчихож! Есүс бол Бурхан биш гэж хаана байдгийг Библиэс үзүүлээтэх. Мариаг шүтэж болохгүй гэж хаана байгааг үзүүлээтэх. Алив, үзүүлээч!» хэмээн хашхирч гарав. Үүнийг хараад Жон мэл гайхаж орхижээ. Тэгээд «Би католик сүмийн хаалгаар дахин хэзээ ч орохгүй» гэж хэлсэн гэдэг. Хэлсэндээ ч хүрчээ!

Жон Гэрчүүдээр хичээл заалгадаг болж, үнэнийг хүлээж аваад Еховад үйлчлэх болжээ. Яваандаа тэдний гэрийнхнээс нэлээн хэдэн хүн үнэнийг хүлээж авсан байна. Жон 60 жилийн өмнө баруун гарынхаа долоовор хурууг зүссэн ч сорви нь одоо хүртэл байдаг гэнэ. Сорвио харах бүрдээ Гэрч болоход нь нөлөөлсөн тэр эмэгтэйн сайхан сэтгэлийн үйлсийг санадаг ажээ (2 Кор. 6:4, 6).