Skip to content

Гарчиг руу орох

АСУУЛТ 2

Би яагаад гадаад байдалдаа санаа зовдог вэ?

Би яагаад гадаад байдалдаа санаа зовдог вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Толинд яаж харагддагаас чинь илүү чухал зүйл бий.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Зулаа толинд харан зогсоно. Тарган харагдана. Аав ээж, найз нөхөд нь Зулааг туранхай гэдэг ч «Би турмаар байна» гэж өөртөө хэлнэ.

Саяхнаас, Зулаа «хэдхэн килограмм» хасах тухай бодох болжээ. Хэдэн өдөр юм идэхгүй явдаг болов.

Чамд Зулаагийнх шиг бодол төрвөл яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Чи өөрийгөө нөлөөтэй толинд хараад байгаа юм биш биз?

Гадаад байдлаа анхаарах нь буруу юм биш ээ. Библид Сара, Рахел, Иосеф, Давид, Абигаил нарын хүмүүсийн бие хаа, зүс царайг магтан бичсэн байдаг. Бас Абишаг гэдэг эмэгтэйг «маш гоо үзэсгэлэнтэй» гэж бичжээ (Хаадын дээд 1:4).

Гэвч охид хөвгүүд гадаад байдалдаа хэт их анхаардаг. Ингэх нь их аюултай. Жишээ дурдъя:

  • Судалгаанаас харахад, охидын 58 хувь нь өөрийгөө тарган гэж хэлдэг ч ердөө 17 хувь тийм байжээ.

  • Бас өөр нэг судалгаанаас үзэхэд, эмэгтэйчүүдийн 45 хувь нь хэвийн жиндээ хүрээгүй мөртлөө өөрийгөө хэт тарган гэж бодож байжээ.

  • Жингээ хасах гэсэн хүслээсээ болж, хүүхэд залуусын зарим нь анорексиа гэдэг эмгэгтэй болдог. Хоолны дуршил алдах энэхүү эмгэг үхэлд хүргэдэг.

Анорексиагийн эсвэл хоолны дуршилгүй болох бусад шинж тэмдэг илэрвэл тусламж аваарай. Тулгарч байгаа бэрхшээлийнхээ тухай аав ээждээ юм уу итгэл хүлээсэн хүнд юуны түрүүнд яриарай. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж Библид байдаг (Сургаалт үгс 17:17).

ЧИНИЙ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ ЗҮЙЛ

Үнэндээ бол, сайхан харагдах эсэх нь дотор хүн ямар байхаас шалтгаална. Давидын хүү Абсаломын тухай авч үзье. Түүний тухай Библид ингэж бичжээ.

«Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. ... Түүнд өө сэв байсангүй» (2 Самуел 14:25).

Гэвч энэ залуу бардам, нэр алдарт дуртай, итгэл эвдсэн хүн байв. Библид түүнийг сайн хүн гэж дүрсэлдэггүй. Тэрбээр ичихийг мэддэггүй, үнэнч бус, өрөвдөх сэтгэлгүй алуурчин байв.

Библид ийм зөвлөгөө байдаг.

«Шинэ хүнийг өмс» (Колоссай 3:10).

«Чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг ... чимэглэ» (1 Петр 3:3, 4).

Сайхан харагдахыг хүсэх нь буруу биш ч, зан чанараа анхаарах нь чухал. Булчинлаг эсвэл гоолиг биеэс илүү, сайхан зан чанар хүнийг чимдэг. Филисиа гэдэг охин: «Хүний гоо сайхан нүдэнд шууд тусдаг. Гэхдээ дотроо ямар хүн бэ гэдэг нь, сайхан зан чанарууд нь сэтгэлд үлддэг» гэж хэлжээ.

ЧИ ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ХАРДАГ ВЭ?

Чи гадаад байдалдаа сэтгэл дундуур явдаг уу?

Чи гоо сайхны хагалгаанд орох юм уу, гоолиг болох гэж хоолны дэглэм хэт их барьж байсан уу?

Болдог бол, чи юугаа өөрчилмөөр байна вэ? (Дугуйлаарай)

  • ӨНДӨР

  • ЖИН

  • ҮС

  • БИЕИЙН ГАЛБИР

  • ЗҮС ЦАРАЙ

  • БҮГДИЙГ НЬ

Чи эхний хоёр асуултад тийм гэж хариулсан, гурав дахь асуултын хариунаас гурвыг дугуйлсан бол дараахыг бодож үзээрэй. Чи өөрийгөө сайхан харагддаггүй гэж бодож байж болох ч хүмүүст чи тийм харагддаггүй байж болох шүү дээ. Гадаад байдалдаа хэтэрхий санаа зовбол юу ч хийхээс буцахгүй болж мэднэ (1 Самуел 16:7).