Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 02

Библи итгэл найдвар бэлэглэдэг

Библи итгэл найдвар бэлэглэдэг

Дэлхий даяар хүмүүс янз бүрийн асуудлаас болж гуньж гутран, айж түгшиж, өвдөж зовдог. Танд тийм үе байдаг уу? Өвчин зовлон, үхэл хагацал үзээд шаналж байгаа хүн өөрийн эрхгүй «Зовж зүдрэхгүй амьдрах цаг ирэх болов уу?» гэж боддог. Энэ асуултад Библи сэтгэл тайвшруулам хариу өгдөг.

1. Библи ямар найдвар бэлэглэдэг вэ?

Хорвоо ертөнц зовлонгоор дүүрэн байдгийн учрыг Библид тайлбарласан байдаг. Үүгээр зогсохгүй зовлон тун удахгүй байхгүй болно гэсэн сайхан мэдээг бичсэн байдаг. Библи «ирээдүй ба найдварыг» бэлэглэдэг (Иеремиа 29:11, 12-ыг уншина уу). Үүний ачаар та одоо ч зовлон бэрхшээлийг даван туулж өөдрөг байна. Ирээдүйд үүрд мөнх жаргалтай амьдрах боломжтой.

2. Ирээдүйн тухай Библид юу гэж байдаг вэ?

Библид ирээдүйн тухай «үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» гэж бичсэн байдаг (Илчлэл 21:4-ийг уншина уу). Өнөө үед ядуурал, шударга бус явдал, өвчин зовлон, үхэл хагацлаас болж хүмүүс ирээдүйдээ итгэх итгэлгүй болдог. Гэхдээ Библид бичсэнээр, энэ бүх бэрхшээлийг бид дахин хэзээ ч амсахгүй. Диваажин болсон дэлхий дээр мөнхөд амьдарна.

3. Библид бичсэн амлалтуудад яавал итгэх вэ?

Олон хүн ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлдөг ч түүнийгээ биелнэ гэдэгт 100 хувь итгэж чаддаггүй. Харин Библид бичсэн амлалтууд гарцаагүй биелнэ. «Судрыг ... нягтлан үзвэл» дотор нь бичигдсэн бүхэнд итгэх итгэл төрнө (Үйлс 17:11). Та Библийг судлахдаа ирээдүйн талаарх амлалтууд нь биелнэ гэсэн ямар баталгаа байдгийг анхаараарай.

УХАЖ ОЙЛГОЁ

Библид ирээдүй ямар болно гэж бичсэн байдаг вэ? Ирээдүйн талаар Библиэс мэдсэн хүмүүс хэрхэн өөдрөг болсныг мэдэж аваарай.

4. Төгс орчинд өвчин зовлонгүй, үүрд мөнх амьдрах тухай Библид бий

Библид бичсэн, ирээдүйд биелэх амлалтуудын заримыг доор жагсааж бичлээ. Танд аль нь хамгийн сайхан санагдаж байна вэ? Яагаад?

Амлалт бүрийн ард заасан Библийн зүйлүүдийг уншина уу. Дараах асуултад хариулаарай.

  • Библийн энэ зүйлүүд танд итгэл найдвар төрүүлж байна уу? Гэр бүл, найз нөхөд тань мэдвэл баярлах болов уу?

Та дараах амлалтууд биелэхийг нүдээрээ үзэж байна гэж төсөөлөөрэй.

ХЭН Ч ...

ХҮН БҮХЭН ...

  • гуньж гутрахгүй, хөгшрөхгүй, үхэхгүй (Исаиа 25:8).

  • нас барсан дотнын хүмүүсээ дэлхий дээр амилахад нь угтан авна (Ёохан 5:28, 29).

  • өвдөхгүй, бие эрхтний согогоос болж зовохгүй (Исаиа 33:24; 35:5, 6).

  • цоо эрүүл болж, залуужна (Иов 33:25).

  • шударга бус явдлын хохирогч болохгүй (Исаиа 32:16, 17).

  • элбэг хоол хүнс, тухтай гэр орон, сонирхол татсан ажилтай болно (Дуулал 72:16; Исаиа 65:21).

  • дайны хор уршгийг амсахгүй (Дуулал 46:9).

  • жинхэнэ амар амгаланг эдэлнэ (Дуулал 37:11).

  • таагүй дурсамж, бодлоосоо болж шаналахгүй (Исаиа 65:17).

  • төгс орчинд мөнх амьдарна (Дуулал 37:29).

5. Найдвар өвөрлөсөн хүмүүс амьдралаа өөрчилдөг

Олон хүн нийгэмд тулгамдсан асуудлаас болж гутарч, бүр уурлаж бухимддаг. Эсвэл нийгмийг өөрчлөх гэж тэмцдэг. Харин зарим хүн ирээдүйд бүх юм сайхан болно гэсэн Библийн амлалтыг мэдээд хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэж аваарай. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Рафикад юу шударга бус санагдаж байсан бэ?

  • Тухайн шударга бус явдал шийдэгдээгүй ч Рафика Библи судлаад яаж өөрчлөгдсөн бэ?

Асуудал бэрхшээл шийдэгдэхгүй байлаа ч өөдрөг байж, жаргалтай амьдрах боломжтой. Үүний тулд ирээдүйн талаар Библид бичсэн амлалтуудад итгэх хэрэгтэй. Сургаалт үгс 17:22; Ром 12:12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ирээдүйн талаар Библид бичсэн амлалтуудад итгэвэл та одоо ч жаргалтай амьдарна гэж бодож байна уу? Яагаад?

ЗАРИМ ХҮН: «Ирээдүйн талаар Библид бичсэн амлалтууд яасан ч биелэхгүй» гэдэг.

  • Библид итгэх ямар үндэс байдаг вэ? Үүнийг өөрөө судалж үзэх нь яагаад зөв бэ?

ДҮГНЭЛТ

Библи найдвар бэлэглэдэг учраас бид одоо жаргалтай амьдарч, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр хардаг.

Давтах асуулт

  • Хүмүүст яагаад найдвар хэрэгтэй вэ?

  • Библид ирээдүйн талаар юу гэж байдаг вэ?

  • Ирээдүйдээ итгэлтэй байх нь одоо ямар ач тустай вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Итгэл найдвар хүнд яаж нөлөөлдгийг мэдэж аваарай.

«Итгэл найдварыг хаанаас олох вэ?» («Сэрцгээ!», 2004 оны 4-р сарын 22)

Сайхан ирээдүйгээ бодож явах нь архаг өвчтэй хүнд ямар тустайг мэдэж аваарай.

«Архаг хууч өвчнөөсөө болж шаналж буй хүнд Библи тус болдог уу?» (Веб өгүүлэл)

Энэ дууны клипийг үзээд диваажин болсон дэлхийд гэрийнхэнтэйгээ жаргалтай амьдарч байгаагаар төсөөлөөрэй.

«Сайхан цагийг төсөөлье» (3:37)

Нийгмийн идэвхтэн ирээдүйн талаар Библиэс мэдээд хэрхэн өөрчлөгдсөнийг уншаарай.

«Би нийгмийг өөрчлөх тухай бодохоо больсон» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2013 оны 7-р сарын 1)