Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХАДГАЛАГДАЖ ИРСЭН ТҮҮХ

Байгалийн нөлөөг тэсэж үлдсэн нь

Байгалийн нөлөөг тэсэж үлдсэн нь

АЮУЛ: Библийг бичигчид эсвэл, хуулан бичээчид голдуу папирус юм уу илгэн цаас хэрэглэдэг байсан * (2 Тимот 4:13). Ийм хэврэг материал дээр бичигдсэн Библи юунд өртөх аюултай байсан бэ?

Папирус нь амархан урагдаж, өнгөө алддаг, хэврэг материал юм. «Папирусан цаас нь сүүлдээ сэмэрсэн мяндас эсвэл тоосны ширхэг болдог. Хуйлмал номыг амбаар савд хадгалахаар бол чийг, хөгцөнд идэгдэнэ. Газар булахлаар мэрэгч амьтад, ялангуяа цагаан шоргоолж гэх мэтийн хорхой шавжийн хоол болдог» гэж Египет судлаач Ричард Паркинсон Стивен Куирки нар хэлжээ. Папирусан олдворууд хожим нь хурц гэрэл чийгийн нөлөөгөөр хурдан элэгддэг.

Илгэн цаас нь папирусыг бодвол хадгалалт даадаг. Гэхдээ болгоомжгүй харьцах эсвэл хэт халуун хүйтэн температурт, чийгтэй нөхцөлд юм уу гэрэлд байлгавал бас л элэгдэнэ. * Мөн илгэн цаас нь хорхой шавжийн идэш хоол болдог. «Грек-Ромын үед хамаарах Дорнодын өдөр тутмын бичээс» гэдэг номд эртний бичээсүүд «тэсэж үлдэнэ гэдэг бол байх боломжгүй ховор тохиолдол» гэж бичжээ. Библи ийнхүү элэгдээд алга болсон бол доторх мэдээ нь ч үгүй болно гэсэн үг.

БИБЛИ ХЭРХЭН ТЭСЭЖ ҮЛДСЭН БЭ? Иудейчүүдийн хуульд зааснаар хаан болгон «хуулийг [Библийн эхний таван номыг] өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж авах» ёстой байв (Дэд хууль 17:18). Түүнээс гадна, гарамгай хуулан бичээчид гар бичмэлийг асар олноор хуулбарладаг байсан болохоор I зуун гэхэд Израйл даяар, тэр бүү хэл, алс холын Македонд Библи хүрсэн байв (Лук 4:16, 17; Үйлс 17:11). Хамгийн хуучин гар бичмэл өнөөг хүртэл хэрхэн хадгалагдаж ирсэн бэ?

Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүд хэмээн алдаршсан гар бичмэлүүдийг ваарт хийгээд хуурай агаартай газрын агуйд хийж хадгалсан нь хэдэн мянган жил болжээ

«Иудейчүүд Судрын хуйлмал номыг ваар, домбонд хийж хадгалдаг байсан» гэж Шинэ Гэрээ судлаач Филип В Комфорт хэлжээ. Христийн дагалдагчид бас энэ уламжлалыг дагасан бололтой. Библийн хамгийн эртний гар бичмэлийг хуурайшилт ихтэй газрын агуй юм уу харанхуй өрөөн дотор шавар ваарт хийж хадгалсан нь олджээ.

ҮР ДҮН: Библийн эртний хэдэн мянган гар бичмэл (зарим нь 2 000 гаруй жилийн өмнөх) өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Гар бичмэл нь ийм эртний, ийм олноороо олдсон ном зохиол өөр байхгүй.

^ д/м 3 Папирус гэдэг нь папирус нэртэй, усанд ургадаг ургамлаар хийдэг материал юм. Илгэн цаасыг амьтны арьсаар хийдэг.

^ д/м 5 Жишээ нь АНУ-ын тусгаар тогтнолын талаарх тунхаг бичгийн гарын үсэгтэй хуулбар илгэн цаасан дээр бичигдсэн байдаг. 250 жилийн дараа буюу одоо тэрийг харахад бүдгэрч бичиг үсэг нь харагдахгүй болсон байдаг.