Матайн бичсэн сайн мэдээ 2:1–23

  • Зурхайчид ирэв (1-12)

  • Египет рүү зугтав (13-15)

  • Херод нялх балчир хөвгүүдийг хөнөөв  (16-18)

  • Назар луу буцав (19-23)

2  Херод* хааны үед Есүсийг Иудейн Бетлехемд төрснөөс хойш зурхайчид дорноос Иерусалимд ирээд  «Иудейчүүдийн хаан болох хүүхэд хаана байна вэ? Бид дорно зүгт байхдаа одыг нь хараад түүнд хүндэтгэл илэрхийлэхээр ирлээ» гэжээ.  Үүнийг дуулаад Херод хаан болон Иерусалимынхан бүгдээрээ түгшив.  Херод ахлах тахилч, хуулийн багш нарыг бүгдийг нь цуглуулаад Христ хаана төрөх учиртайг асуухад  тэд: «Иудейн Бетлехемд гэж зөгнөсөн байдаг.  “Иуда нутгийн Бетлехем ээ, чи Иудагийн захирагчдын хувьд хамгийн жижиг хот боловч чамаас нэгэн захирагч гарна. Тэрээр миний ард түмэн Израйлыг удирдана” гэж байдаг» гэцгээв.  Тэгээд Херод зурхайчдыг нууцаар дуудан уулзаж од хэзээ үзэгдсэнийг лавлан асуужээ.  Тэднийг Бетлехем рүү явуулахдаа «Явж, хүүхдийг хайж олоод надад мэдэгдэгтүн. Би ч бас тэр хүүхдэд хүндэтгэл илэрхийлье» хэмээв.  Зурхайчид хааны үгийг сонсоод замд гарахад дорно зүгт байхад нь үзэгдсэн од тэднийг хөтөлж явсаар хүүхдийн байгаа газар хүрээд тогтлоо. 10  Үүнийг хараад зурхайчид ихэд баярлав. 11  Тэгээд гэрт орж хүүхдийг эх Мариатайгаа хамт байхыг үзээд хүндэтгэл илэрхийлж, эрдэнэсийн хайрцгаа нээн алт, хоёр төрлийн анхилуун үнэртэн* бэлэглэжээ. 12  Херод руу очихыг нь хориглож байгаагаа Бурхан зүүдээр нь мэдүүлэхэд тэд өөр замаар нутаг буцав. 13  Тэднийг явсны дараа Еховагийн* тэнгэрийн элч Иосефын зүүдэнд үзэгдэн «Бос. Эхнэр, хүүхдээ аваад Египет рүү зугт. Намайг хэлэхээс нааш бүү буцаж ирээрэй. Учир нь Херод хүүхдийг хөнөөх гэж байна» гэхэд 14  Иосеф босож эхнэр, хүүхдээ аван тэр шөнөдөө Египетийг зорьжээ. 15  Тэгээд Херодыг нас бартал тэнд суурьшив. Ийнхүү «Би хүүгээ Египетээс дуудаж гаргасан» гэж Ехова* зөнчөөрөө хэлүүлсэн нь биелсэн юм. 16  Херод зурхайчдад хууртсанаа мэдээд уурлан хилэгнэж, Бетлехем болон тэр хавийн бүх нутаг руу хүмүүсийг илгээж, хоёр ба түүнээс доош насны эрэгтэй хүүхдийг бүгдийг нь хороолгов. Тэрээр зурхайчдын үгээр хүүхдийн насыг баримжаалжээ. 17  Ийнхүү зөнч Иеремиагийн хэлсэн нь биелэв. 18  Тэрээр: «Рама хотод гашуудан уйлах дуу сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ хойноос гашуудан уйлж байв. Хэн ч түүнийг тайвшруулж чадсангүй. Учир нь хүүхдүүд нь алга» хэмээсэн байдаг. 19   Херодыг үхсэний дараа Еховагийн* тэнгэрийн элч Египетэд байсан Иосефын зүүдэнд үзэгдэн 20  «Босож, эхнэр, хүүхдээ аваад Израйл руу буцагтун. Учир нь хүүхдийг хөнөөх санаатай байсан хүмүүс үхэв» гэж хэллээ. 21  Иосеф босож эхнэр, хүүхдээ аваад Израйл руу буцав. 22  Гэвч Херодын хүү Архел Иудейг захирч байгааг дуулаад айжээ. Түүнээс гадна, Бурхан дахин зүүдлүүлж, тийшээ явахаас сэрэмжлүүлсэн учир Галил нутаг руу явж 23  Назар хотод суурьшив. Ийнхүү «Тэрээр* Назарынх* гэгдэнэ» хэмээсэн зөнчдийн үг биелжээ.

Зүүлт

Их Херод
Гүгэл, мирр гэдэг хоёр төрлийн үнэртэн
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Христ
«Нахиа» гэсэн утгатай еврей үгнээс үүссэн бололтой.