Ёоханд илчилсэн нь 16:1–21

  • Бурхны уур хилэнгийн долоон аяга (1-21)

    • Дэлхий дээр (2), тэнгис дээр (3), гол мөрөн, усны ундаргууд дээр (4-7), наран дээр (8, 9), араатны сэнтий дээр (10, 11), Евфрат мөрөн дээр (12-16), агаарт асгав (17-21)

    • Хармагедон гэдэг газар болох Бурхны дайн (14, 16)

16  Долоон тэнгэрийн элчид «Явагтун. Бурхны уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асгагтун» гэж хэлэх чанга дуу ариун газраас гарахыг би сонслоо.  Эхний тэнгэрийн элч явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй, хөргийг нь шүтдэг хүмүүс айхавтар өвчтэй, хортой яранд баригдлаа.  Хоёр дахь тэнгэрийн элч аягатайгаа тэнгис дээр асгав. Тэгэхэд тэнгис үхсэн хүний цус шиг болж, дотор нь байсан амьд бүхэн, тийм ээ, тэнгис дотор байсан бүхэн үхлээ.  Гурав дахь тэнгэрийн элч аягатайгаа гол мөрөн, усны ундаргууд дээр асгахад тэдгээр нь цус болов.  Усыг захирдаг тэнгэрийн элч: «Байгаа, байсан Нэгэн, та бол үнэнч Бурхан. Ийн шүүсэн учир та бол шударга сайн.  Тэд ариун хүмүүс болон зөнчдийн цусыг урсгасан тул та тэдэнд цус уулгасан. Тэднийг ингэж шийтгэвэл зохино» гэж хэлэхийг би сонслоо.  Тахилын ширээ: «Төгс хүчит Ехова* Бурхан минь ээ, та үнэн бөгөөд шударга шүүдэг» гэж хэлэхийг би сонслоо.  Дөрөв дэх тэнгэрийн элч аягатайгаа наран дээр асгав. Хүмүүсийг галаар төөнөж зовоохыг наранд зөвшөөрчээ.  Хүмүүс аагим халуунд төөнүүлсэн ч гэмшсэнгүй, Бурхны нэрийг доромжлов. Тэд эдгээр гамшгийг захирах эрхтэй Бурхныг алдаршуулсангүй. 10  Тав дахь тэнгэрийн элч аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Араатны хаант төр харанхуйлж, тэд өвдсөнөөсөө болж хэлээ хазан 11  өвчин шаналал, яр шархнаасаа болж тэнгэрийн Бурхныг доромжилсон бөгөөд хийсэн хэргээ гэмшсэнгүй. 12  Зургаа дахь тэнгэрийн элч аягатайгаа агуу их Евфрат мөрөн дээр асгахад мөрөн хатаж ширгэв. Ийнхүү наран мандах зүгээс ирэх хаадын зам бэлэн боллоо. 13  Луу, араатан, хуурамч зөнчийн амнаас гарах гурван бузар үг нь мэлхий шиг байв. 14  Үнэндээ, эдгээр үг нь чөтгөрүүдээс эхтэй бөгөөд дэлхий даяар түгж хаадын сонорт хүрнэ. Эдгээр үг нь Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнд хаадыг цуглуулах зорилгоор гайхамшиг үйлдэнэ. 15  «Би хулгайч шиг очиж байна. Сэргэг байж, хувцсаа алддаггүй хүн жаргалтай яа! Эс тэгвэл нүцгэрч, ичгүүр шившиг болно» гэх дуу гарлаа. 16  Өнөөх үгс хаадыг еврейгээр Хармагедон* гэдэг газар цуглуулав. 17  Долоо дахь тэнгэрийн элч аягатайгаа агаарт асгав. Тэгэхэд ариун газраас, сэнтийнээс «Ингээд дууслаа!» гэх чанга дуу гарлаа. 18  Тэгтэл аянга гялбаж, дуу чимээ гарч, тэнгэр нижигнэн, газар хүчтэй хөдлөв. Ийм хүчтэй, ийм аймшигтай газар хөдлөлт хүн төрөлхтөн бүтээгдсэнээс хойш болж байсангүй. 19  Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Бурхан уур хилэнгийнхээ дарстай аягыг Агуу Вавилонд өгөхөө санаж байв. 20  Бас арлууд зугтаж, уулс алга болжээ. 21  Дараа нь ширхэг бүр нь нэг талант* орчим жинтэй аварга том мөндөр тэнгэрээс хүмүүс дээр буулаа. Мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурхныг доромжлов. Учир нь энэ гамшиг маш их хөнөөл учруулав.

Зүүлт

Үгийн тайлбарыг үзнэ үү.
«Мегиддо уул» гэсэн утгатай еврей үгнээс гаралтай.
Грек талант 20,4 килограммтай тэнцүү