Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би их түргэн ууртай байсан»

«Би их түргэн ууртай байсан»
  • Төрсөн он: 1975

  • Улс: Мексик

  • Өмнө нь: Догшин авиртай, ялтан байсан

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Би Мексикийн Чьяпас мужийн Сан Хуан Чанкалаято гэдэг жижиг хотод төрсөн. Манай гэр бүлийнхэн маяа үндэстний өвөг болох чол хүмүүс. Би 12 хүүхэдтэй айлын 5 дахь хүү нь. Хүүхэд байхдаа ах эгч дүү нартайгаа хамт Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийдэг байлаа. Харамсалтай нь би Библиэс сурсан зүйлээ ажил хэрэг болгоогүй.

 13 хүрээд хар тамхи татан, хулгай хийж, бүр гэрээсээ дайжиж, энд тэнд хоног төөрүүлдэг болов. 16-тайдаа хар тамхи тариалдаг газар ажилд оров. Тэнд бараг нэг жил ажилласан. Тэгтэл нэг шөнө их хэмжээний хар тамхи завинд ачиж байтал хар тамхи зардаг өрсөлдөгч талын бөөн зэвсэг болсон эрчүүд бидэн рүү дайрах нь тэр. Би суманд өртөхгүйн тулд гол руу шумбан орж сэлсээр голын эх рүү ирэв. Тэндээсээ Америкийн Нэгдсэн Улс руу зугтлаа.

 АНУ-д очоод хар тамхины наймаагаа хийж, бүр ч олон хэрэг төвөгт орооцолдов. Тэгээд 19 настайдаа баригдаж хулгай дээрэм хийж, хүн алсан хэргээр шоронд орчихов. Шоронд нэг дээрмийн бүлэгт элсэн орж, харгис хэрцгий хэргээ үйлдсээр байлаа. Тийм болохоор шоронгийн захиргаа намайг Пеннсилвани мужийн Лювисбүрг хотын чанга дэглэмтэй хорих ангид шилжүүллээ.

 Тэнд очоод би улам л хэрцгий балмад болсон. Угаасаа дээрмийн бүлгийн шивээстэй байсан болохоор адилхан дээрмийн бүлгийнхэнтэй нэгдлээ. Урьдынхаасаа харгис догшин болж, зодоон цохион байнга хийдэг байв. Нэг удаа шоронгийн хашаанд дээрмийн бүлгийн зодоон боллоо. Беисболын цохиур, гантел бариад ёстой хайр найргүй зодолдсон. Шоронгийн хуягууд нулимс асгаруулагч ашиглаж биднийг зогсоосон юм. Дараа нь шоронгийн удирдлагууд намайг аюултай хоригдлуудыг хийдэг гянданд хорьдог боллоо. Би догшин ширүүн авиртайн дээр, байнга хараал урсгана. Түргэн зантай болохоор хүнийг нүүр нүдгүй балбах бол энүүхэнд. Ингэх нь надад сайхан санагддаг байлаа. Хийдэг зүйлдээ огтхон ч харамсдаггүй байв.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 Би өдөржингөө гяндангийн өрөөнд байдаг байсан болохоор цаг нөхцөөхийн тулд Библи уншиж эхлэв. Тэгж байтал шоронгийн хуяг надад «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун» a гэдэг ном өглөө. Библи судлахад зориулсан энэ гарын авлагыг уншиж байхдаа Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байх үедээ сурсан олон зүйлээ эргэн санав. Тэгээд догшин ширүүн авираасаа болоод ямар их эвдэрснээ ойлгож билээ. Бас гэрийнхнийгээ бодлоо. Нэг эгч, нэг эмэгтэй дүү маань Гэрч л дээ. Тийм болохоор надад «Тэд маань мөнх амьдарна шүү дээ» гэж бодогдов. Тэгээд би өөрөөсөө «Ингэхэд би яагаад мөнх амьдарч болохгүй бил ээ?» гэж асуулаа. Ингээд би өөрчлөгдөхөөр эргэлт буцалтгүй шийдэв.

 Гэлээ ч өөрчлөгдөхийн тулд надад тусламж хэрэгтэйг ойлгож байв. Тиймээс эхлээд Еховад хандан туслахыг гуйн залбирлаа. Дараа нь Библи судлах хүсэлтээ илэрхийлэн АНУ-д байдаг Еховагийн Гэрчүүдийн салбар луу захидал бичсэн. Салбар шоронгийн ойр хавьд байдаг хурлын нэг Гэрчийг надтай холбоо бариулахаар болов. Гэхдээ тэр үед би гэрийнхнээсээ өөр хүнтэй уулзах эрхгүй байсан болохоор тэр Гэрч надад урам зориг өгсөн захиа, Библид үндэслэсэн ном хэвлэл явуулдаг байлаа. Тэдгээрийг унших тусам өөрчлөгдье гэсэн хүсэл маань улам бадарч байв.

 Тэгээд би маш том алхам хийж олон жил болсон дээрмийн бүлгээсээ гарахаар шийдэв. Толгойлогч нь надтай адилхан гянданд хоригдож байв. Би завсарлагаанаар түүн дээр очоод Еховагийн Гэрч болмоор байгаагаа хэллээ. Тэгтэл юу гэж хариулсан гээч! «Чи үнэхээр Гэрч болмоор байгаа юм бол болоорой. Би Бурхны өмнө хөндөлсөн зогсож чадахгүй. Харин энэ бүлгээсээ гарахыг хүсээд ингэж байгаа бол чамайг юу хүлээж байгааг мэдэж байгаа биз?» гэж билээ.

 Гяндангийн хуягууд намайг сүүлийн хоёр жил өөрчлөгдөж байгааг анзаарч байв. Тэгээд надад зөөлөн ханддаг боллоо. Жишээ нь хуягууд намайг усанд оруулахаар дагуулж явахдаа гарыг маань гавлахаа больсон. Нэг хуяг над дээр ирээд магтаж, улам бүр өөрчлөгдсөөр байхыг захив. Миний ял эдлэх сүүлийн жил байсан болохоор гяндангийн удирдлагууд намайг төв шоронгийн ойр байдаг жирийн дэглэмтэй хорих анги руу шилжүүлэв. 2004 онд, шоронд 10 жил суусны эцэст суллагдан шоронгийн автобусаар Мексик рүү явлаа.

 Мексикт хөл тавингуутаа Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимыг олж очив. Би анх цуглаанд шоронгийн хувцастайгаа очсон.Надад байсан хамгийн аятайхан хувцас нь л тэр байсан юм. Гэтэл Гэрчүүд миний хувцас хунар, гадаад байдлыг тоолгүй намайг халуун дотноор хүлээж авав. Сайхан сэтгэлтэй тэднийг хараад би Христийн жинхэнэ дагалдагчдын дунд байгаагаа мэдэрч билээ (Ёохан 13:35). Тэр өдөр ахлагчид надтай албан ёсоор Библийн хичээл хийхээр болов. Би нэг жилийн дараа буюу 2005 оны 9 дүгээр сарын 3-нд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

 2007 оны 1 дүгээр сараас эхлэн Еховад бүрэн цагаар үйлчилж эхэлсэн. Энэ нь Библийн үнэнийг бусдад заахад сард 70 цаг зарцуулна гэсэн үг. Тэгээд 2011 онд Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургуулийг (одоо Сайн мэдээ тунхаглагчийн сургууль гэдэг нэртэй болсон) төгссөн. Энэ сургууль надад хуралд хүлээсэн янз бүрийн үүргээ биелүүлэхэд маш их тус болсон.

Би эв түнжинтэй байхыг хүмүүст заадаг учраас жаргалтай байдаг

 Би 2013 онд хайртай хань Пийлартайгаа гэрлэсэн. Намайг өмнөх амьдралаа ярихлаар эхнэр маань итгэмээргүй юм аа гээд л инээмсэглэдэг юм. Би өмнөх амьдрал руугаа дахин хэзээ ч халтирч ороогүй. Библи хүнийг өөрчлөх чадалтайг миний амьдрал баталдаг гэж эхнэр бид хоёр боддог (Ром 12:2).

ОДОО

 Лук 19:10-т байдаг Есүсийн үг миний амьдралд хэрэгжсэн гэж би боддог. Есүс: «[Би] төөрснийг хайж олоод аврахаар ирсэн юм» гэсэн шүү дээ. Би амьдралдаа дахин алдаагүй. Хүмүүсийг зовоож шаналгахаа больсон. Би Библийн ачаар жинхэнэ утга учиртай амьдарч, хүмүүстэй, хамгийн гол нь Бүтээгч Бурхан Еховатайгаа сайн харьцаатай болсон.

[Зүүлт]

a Энэ ном Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан ном бөгөөд хэвлэгдэхээ больсон. Одоо Библи судлахад зориулсан гол гарын авлага нь «Үүрд жаргалтай амьдраарай!» ном юм.