Skip to content

«Нүдийг нүдээр» гэсэн тушаал ямар утгатай вэ?

«Нүдийг нүдээр» гэсэн тушаал ямар утгатай вэ?

Библид ингэж байдаг

 «Нүдийг нүдээр» гэсэн тушаал нь эртний Израйлд Мосегоор дамжуулан өгсөн Бурхны хуульд байдаг. Үүнийг Есүс «Уулан дээр айлдсан сургаалдаа» эш татсан (Матай 5:38; Египетээс гарсан нь 21:24, 25; Дэд хууль 19:21). Энэ нь гэмт хэрэгтний хийсэн үйлдэлд тохирсон ял оноохыг хэлдэг. a

 Бусдад санаатайгаар хохирол учруулсан гэмт хэргийг энэ зарчмын дагуу шийддэг байжээ. Мосегийн хуульд «Хугаралтыг хугаралтаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээсэн дагуу нь түүнд мөн түүнчлэн учрах болой» гэсэн заалт бий (Левит 24:20).

 «Нүдийг нүдээр» гэсэн тушаал ямар зорилготой байсан бэ?

 Энэ тушаал нь өш хонзон авахыг хөхиүлэн дэмждэггүй. Харин шударга шийдвэр гаргах буюу хэт хүнд эсвэл хэт хөнгөн ял оноохгүй байхад нь шүүгчдэд туслах зорилготой байв.

 Түүнчлэн бусдад санаатайгаар хохирол учруулах юм уу ийм хэрэг төлөвлөхөөс сэргийлдэг байсан. Мосегийн хуульд «Тэгвэл [Бурхны шударга ёсыг баримталдаг] бусад хүмүүс сонсоод айж, та нарын дунд дахин хэзээ ч ийм бузар муу үйл үйлдэгдэхгүй болно» гэжээ (Дэд хууль 19:20).

 «Нүдийг нүдээр» гэсэн тушаал Христийн дагалдагчдад хамаатай юу?

 Үгүй. Христийн дагалдагчдад хамаагүй. Энэ нь Мосегийн хуулийн нэг хэсэг байсан. Есүс амиа золиосолсноор Мосегийн хууль хүчингүй болсон билээ (Ром 10:4).

 Гэсэн хэдий ч энэ тушаал нь Бурхны үзэл бодлыг мэдэж авахад тустай. Жишээлбэл, Бурхан шударга ёсыг эрхэмлэдэг (Дуулал 89:14). Мөн шударга хэм хэмжээ тогтоосон. Өөрөөр хэлбэл, хэрэгтэнг «шударгаар» шийтгэх ёстой (Иеремиа 30:11).

 «Нүдийг нүдээр» гэсэн тушаалын талаарх буруу ойлголтууд

 Буруу ойлголт: «Нүдийг нүдээр» гэсэн тушаал хэтэрхий харгис байсан.

 Үнэндээ бол: Энэ тушаал нь шударга ёсыг гажуудуулах болон хэрэгтэнг хэтэрхий харгис шийтгэх явдлаас сэргийлдэг байсан. Шаардлага хангасан шүүгчид хэргийн нөхцөл байдлыг судалж, санаатай эсвэл санаандгүй үйлдсэн эсэхийг олж тогтоосны дараа л хэрэгтэнд ял оноох ёстой. Ингэвэл уг тушаалыг жинхэнэ утгаар дагасан хэрэг болох байв (Египетээс гарсан нь 21:28–30; Тооллого 35:22–25). Тэгэхээр «нүдийг нүдээр» гэсэн тушаал нь хэт туйлширсан шийтгэл оноох явдлаас сэргийлдэг байжээ.

 Буруу ойлголт: «Нүдийг нүдээр» гэсэн тушаал нь өшөө авахыг хөхиүлэн дэмждэг.

 Үнэндээ бол: Мосегийн хуульд «Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал» гэж байдаг (Левит 19:18). Энэ хууль нь өшөө авахыг хөхиүлэн дэмждэггүй, харин Бурханд болон Бурхны тогтоосон хуулийн тогтолцоонд найдахыг уриалдаг байсан (Дэд хууль 32:35).

a Талионы зарчим гэж алдаршсан (латинаар lex talionis) хуулийн энэ зарчим нь эртний зарим улсын хуулийн тогтолцоонд тусгагдсан байдаг.