Skip to content

Нүгэл гэж юу вэ?

Нүгэл гэж юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцэхгүй аливаа үйлдэл, хандлага, бодлыг нүгэл гэнэ. Үүнд Бурхны өмнө буруу, шударга бус юм хийж хуулийг нь зөрчих ордог (1 Ёохан 3:4; 5:17). Түүнээс гадна, хийх ёстой зөв зүйлээ хийхгүй байхыг бас нүгэл гэдэг (Яаков 4:17).

 Библийг бичсэн эх хэлнүүдээс нүгэл гэж орчуулдаг үг нь «байгаа онохгүй байх» гэсэн утгатай. Жишээлбэл, эртний Израйлд дүүгүүртээ гаргууд, аливааг «алдалгүй харваж чаддаг» цэргүүд байв. Энэ хэсгийг үгчилбэл тэд «нүгэл үйлддэггүй» гэж буулгах ажээ (Шүүгчид 20:16). Иймээс нүгэл үйлдэх гэдгээр Бурхны тогтоосон төгс хэм хэмжээ хэмээх байг онохгүй байхыг хэлнэ.

 Бурхан Бүтээгч учраас хүний баримтлах ёстой хэм хэмжээг тогтоох эрхтэй (Илчлэл 4:11). Тиймээс бид Бүтээгчдээ үйл хэргээ тайлагнана (Ром 14:12).

Огт нүгэл үйлдэхгүй байх боломжтой юу?

 Боломжгүй. Библид «Бүх хүн нүгэл үйлдсэн бөгөөд Бурхны алдрыг тусган харуулж чаддаггүй» гэж бий (Ром 3:23; Хаадын дээд 8:46; Номлогчийн үгс 7:20; 1 Ёохан 1:8). Яагаад тэр вэ?

 Анхны хос Адам Ева хоёр эхэндээ нүгэлгүй байжээ. Учир нь тэднийг Бурхны дүр төрхөөр төгс бүтээсэн юм (Эхлэл 1:27). Гэвч тэд Бурханд дуулгаваргүй загнаж төгс байхаа болив (Эхлэл 3:5, 6, 17–19). Тэгээд үр удамд нь нүгэл, үхэл удамшсан (Ром 5:12). Израйлын хаан Давид ч: «Гэм буруугийн дунд би төрсөн» хэмээсэн байдаг (Дуулал 51:5).

Бүх нүгэл адилхан уу?

 Үгүй. Тухайлбал Библид эртний Содом хотынхныг «хэт хорон муу», «их нүгэлтэй» гээд нүглийг нь «маш хүнд» гэсэн байдаг (Эхлэл 13:13; 18:20). Нүглийн хэр ноцтойг тодорхойлох гурван хүчин зүйлийг үзье.

  1.   Хэр ноцтой вэ? Садар самуун үйлдэх, шүтээн шүтэх, хулгайлах, архидах, дээрэмдэх, хүний амь хөнөөх, ид шидээр хөөцөлдөх зэргийн ноцтой нүгэл үйлдэхгүй байхыг Библи бидэнд анхааруулсан байдаг (1 Коринт 6:9–11; Илчлэл 21:8). Нөгөөтээгүүр үг, үйлдлээрээ бусдыг гомдоох гэх мэт бодлогогүй, санамсаргүй үйлддэг нүгэл гэж бий (Сургаалт үгс 12:18; Эфэс 4:31, 32). Гэхдээ Библид ямар ч нүгэл ноцтой нүгэл үйлдэхэд хүргэдэг учраас тоохгүй өнгөрөөж болохгүй гэж байдаг (Матай 5:27, 28).

  2.   Ямар сэдлээр үйлдсэн бэ? Зарим хүн Бурхны шаардлагыг мэдэлгүйгээр нүгэл үйлддэг (Үйлс 17:30; 1 Тимот 1:13). Үүнийг зүгээр гэж үзэж болохгүй ч, Бурхны хуулийг санаатайгаар зөрчсөн нүгэлтэй адилтгах аргагүй (Тооллого 15:30, 31). Мэдсээр байж нүгэл үйлдэх нь «бузар муу зүрхтэйнх» юм (Иеремиа 16:12).

  3.   Хэр олон удаа үйлдсэн бэ? Библид удаан хугацаанд олон дахин үйлдсэн нүглийг ганц удаа үйлдсэн нүгэлтэй нэг түвшинд авч үздэггүй (1 Ёохан 3:4–8). Зөв зүйлийг яаж хийхээ мэддэг болчихоод «санаатайгаар нүгэл үйлддэг» бол Бурхны хатуу шийтгэлийг хүлээнэ (Еврей 10:26, 27).

 Ноцтой нүгэл үйлдсэн хүн сэтгэлийн зовлонтой явдаг. Жишээ нь Давид хаан: «Миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна» гэж бичсэн байдаг (Дуулал 38:4). Гэхдээ Библид «Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» гэж бий (Исаиа 55:7).