Skip to content

Гэрээний авдар гэж юу вэ?

Гэрээний авдар гэж юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Гэрээний авдар нь Бурхны тушаал болон загварын дагуу израйлчуудын урласан ариун авдар юм. Уг авдарт «Гэрээ» буюу хоёр чулуун хавтан дээр бичсэн Арван тушаалыг хадгалдаг байв (Египетээс гарсан нь 25:8–10, 16; 31:18).

  •   Ямар хийц загвартай байсан бэ? Гэрээний авдрын урт нь 2.5 тохой, өргөн нь 1.5 тохой, өндөр нь 1.5 тохой (111 x 67 x 67 см). Хуайс модоор урласан энэ авдар нь дотор гаднагүй алт бөгөөд хүрээ нь уран чамин хийц бүхий сийлбэртэй ажээ. Цул алтаар хийсэн тагны хоёр захад нь алтан херубууд байв. Херубууд бие бие рүүгээ харж, далавчаа урагш нь дэлгэн өөрсдийгөө хучсан байлаа. Гэрээний авдар нь алтаар бүрсэн дөрвөн хөлтэй бөгөөд тус бүрд нь нэг, нэг гархи бий. Хуайс модоор хийж, алтаар бүрсэн дамнуургуудыг тэдгээр гархинд шургуулжээ (Египетээс гарсан нь 25:10–21; 37:6–9).

  •   Авдрыг хаана тавьдаг байсан бэ? Гэрээний авдрыг эхлээд асрын Ариунаас ариун газарт тавьжээ. Энэхүү мөргөлийн асар нь барих, буулгахад тохиромжтой бөгөөд гэрээний авдартай адилхан цаг үед хийгдсэн. Ариунаас ариун газрыг хөшгөөр хаасан байдаг тул тахилчид болон хүмүүст харагддаггүй байв (Египетээс гарсан нь 40:3, 21). Зөвхөн тэргүүн тахилч жилд нэг удаа буюу Эвлэрүүллийн өдөр орж, Гэрээний авдрыг харна (Левит 16:2; Еврей 9:7). Хожим нь Соломоны сүмд гэрээний авдрыг тавьжээ (Хаадын дээд 6:14, 19).

  •   Ямар зорилготой байсан бэ? Гэрээний авдарт ариун зүйлүүдийг хадгалдаг байв. Эдгээр нь израйлчуудтай Синаи ууланд байгуулсан Бурхны гэрээг сануулдаг зүйлүүд байжээ. Бас уг авдар нь Эвлэрүүллийн өдөр чухал үүрэгтэй байв (Левит 16:3, 13–17).

  •   Авдарт юу байсан бэ? Гэрээний авдарт анх арван тушаал бүхий хоёр чулуун хавтанг хийжээ (Египетээс гарсан нь 40:20). Хожим нь алтан ваартай манна, Аароны цэцэглэсэн таягийг хийв (Еврей 9:4; Египетээс гарсан нь 16:33, 34; Тооллого 17:10). Гэрээний авдрыг Соломоны сүм рүү зөөх үед ваар болон таяг байгаагүйг бодож үзвэл бүр өмнө нь авдраас авчихсан бололтой (Хаадын дээд 8:9).

  •   Авдрыг хэрхэн зөөдөг байсан бэ? Авдрыг левичүүд зөөдөг байсан бөгөөд хуайс модон дамнуургуудыг нь мөрөндөө тэгнээд явна (Тооллого 7:9; Шастирын дээд 15:15). Гэрээний авдрын гархинд шургуулсан дамнуургуудыг авдаггүй байсан учраас левичүүд гэрээний авдарт хэзээ ч хүрдэггүй байжээ (Египетээс гарсан нь 25:12–16). Авдрыг зөөхдөө ариунаас ариун газрыг хаадаг хөшгөөр бүтээнэ (Тооллого 4:5, 6) a.

  •   Юуг бэлгэддэг байсан бэ? Гэрээний авдар Еховагийн оршихуйг төлөөлдөг. Жишээлбэл Ариунаас ариун газарт буй гэрээний авдар болон асрын дээр үүл тогтоход бүх израйлчуудад харагддаг байв. Энэ нь Ехова тэдэнтэй хамт байгааг, ивээж сайшааж байгааг нь баталдаг байлаа (Левит 16:2; Тооллого 10:33–36). Бас Еховаг гэрээний авдрын таган дээрх «херубуудын дээгүүр залрагч» хэмээн Библид бичсэн байдаг (1 Самуел 4:4; Дуулал 80:1). Өөрөөр хэлбэл херубууд Еховагийн «тэргийг» төлөөлдөг гэсэн үг (Шастирын дээд 28:18). Гэрээний авдрыг Сионд авчирсны дараа Еховаг «Сионд оршин байгч» хэмээн Давид хаан бичжээ. Учир нь гэрээний авдар нь юуг бэлгэддэгийг тэрээр мэддэг байжээ (Дуулал 9:11).

  •   Юу гэж нэрлэдэг байсан бэ? Энэ ариун авдрыг Библид янз бүрээр бичсэн байдаг. «Гэрчлэлийн авдар», «гэрээний авдар», «ЭЗЭНий [Еховагийн] авдар», «[Еховагийн] хүч чадлын авдар» гэх мэт (Тооллого 7:89; Иошуа 3:6, 13; Шастирын дэд 6:41).

     Гэрээний авдрын тагийг «өршөөлийн суудал» гэж нэрлэдэг (Шастирын дээд 28:11). Ингэж нэрлэсэн нь чухал үүрэгтэйг нь харуулдаг. Юу гэвэл, Эвлэрүүллийн өдөр Израйлын тэргүүн тахилч тахил болгон өргөсөн амьтныхаа цусыг өршөөлийн суудлын дээр болон нүүрэн тал руу нь цацдаг байв. Ийнхүү «өөрийнхөө төлөө, гэрийнхнийхээ төлөө, Израилийн бүх чуулганы төлөө» эвлэрүүллийг хийдэг буюу нүглийг цайруулдаг байв (Левит 16:14–17).

Гэрээний авдар одоо байдаг уу?

 Тийм гэх баримт байдаггүй. Библид бичсэнээр, Есүсийг амиа золиос болгон өгсний дараа «шинэ гэрээ» хүчин төгөлдөр болж гэрээний авдар шаардлагагүй болсон (Иеремиа 31:31–33; Еврей 8:13; 12:24). Бас гэрээний авдар байхгүй болохыг, хүмүүст ч үгүйлэгдэхгүйг Библид зөгнөсөн байдаг (Иеремиа 3:16).

 Шинэ гэрээ хүчин төгөлдөр болсны дараа гэрээний авдар тэнгэрт байгааг элч Ёохан гайхамшгаар үзжээ (Илчлэл 11:15, 19). Бэлгэдлийн утгатай энэ гэрээний авдар нь Бурхны оршихуйг төлөөлж, Бурхан шинэ гэрээг сайшааж байгааг харуулдаг.

Гэрээний авдарт ер бусын хүч байсан уу?

 Үгүй. Гэрээний авдар л байвал бүх юм сайн сайхан байна гэсэн үг биш ээ. Жишээ нь гэрээний авдар израйлчуудын хуаранд байсан ч тэд Аи хотынхонтой байлдаад ялагдсан. Гэхдээ энэ нь үнэнч бус загнасан нэг израйл хүнээс болсон ажээ (Иошуа 7:1–6). Хожим нь израйлчууд филистчүүдтэй тулалдахдаа гэрээний авдрыг авч явсан ч филистчүүдэд ялагдсан. Израйлын тахилч Хофни Финехас хоёр бузар булай зүйл хийдэг байсны харгайгаар тэд ялагджээ (1 Самуел 2:12; 4:1–11). Тэр тулаанд тэд гэрээний авдраа филистчүүдэд булаалгажээ. Гэхдээ Бурхан филистчүүдэд гай зовлон буулгахад тэд гэрээний авдрыг Израйл руу буцаан явуулсан (1 Самуел 5:11—6:5).

Гэрээний авдрын түүх

Он (МЭӨ)

Үйл явдал

1513

Безалел болон бусад хүн израйлчуудын хандивласан материалаар хийсэн (Египетээс гарсан нь 25:1, 2; 37:1).

1512

Мосе тахилчдыг болон асрыг, мөн гэрээний авдрыг ариусгасан (Египетээс гарсан нь 40:1–3, 9, 20, 21).

1512-1070 он гартал

Янз бүрийн газар луу зөөсөн (Иошуа 18:1; Шүүгчид 20:26, 27; 1 Самуел 1:24; 3:3; 6:11–14; 7:1, 2).

1070 оноос хойш

Давид хаан Иерусалимд авчирсан (2 Самуел 6:12).

1026

Иерусалим дахь Соломоны сүм рүү зөөсөн (Хаадын дээд 8:1, 6).

642

Иосиа хаан гэрээний авдрыг Соломоны сүмд буцааж авчрав (Шастирын дэд 35:3) b.

607 оноос өмнө

Соломоны сүмээс авч явсан нь тодорхой. Вавилончууд МЭӨ 607 онд сүмийг устгахад Вавилон руу зөөсөн эд юмсын дотор ч, дараа нь буцааж авчирсан эд юмсын дотор ч байгаагүй (Хаадын дэд 25:13–17; Езра 1:7–11).

63

Ромын жанжин Помпей Иерусалимыг эзэлж, сүмийн Ариунаас ариун газарт нэгжлэг хийхэд гэрээний авдар байгаагүй гэж мэдэгджээ. c

a Израйлчууд гэрээний авдрыг хэрхэн зөөх, бүтээх талаар Бурхны өгсөн хуулийг дагаагүй үедээ асар их хохирол амсдаг байжээ (1 Самуел 6:19; 2 Самуел 6:2–7).

b Хэзээ, яагаад, хэн Соломоны сүмээс авч явсныг Библид бичээгүй.

c «The Histories, by Tacitus, Book V» номын 9-р догол мөрийг үзнэ үү (англи).