Skip to content

Библийг хүн өөрчилж эсвэл зохиож бичсэн үү?

Библийг хүн өөрчилж эсвэл зохиож бичсэн үү?

 Үгүй. Библийг элэгдэж хуучирдаг материал дээр олон мянган жил хуулан бичсээр ирсэн боловч эртний гар бичмэлүүдтэй харьцуулбал өөрчлөгдөөгүйг мэдэж болно.

Тэгвэл хуулж бичиж байхдаа огт алдаа гаргаагүй гэсэн үг үү?

 Эртний олон мянган гар бичмэл олдсон. Заримд нь өөрөөр бичсэн зүйл нэлээн байсан. Энэ нь хуулж бичихдээ алдаа гаргасныг харуулдаг. Гэхдээ үүний ихэнх нь тийм ч ноцтой юм байгаагүй бөгөөд Библийн утга санааг өөрчлөөгүй. Гэхдээ цөөхөн хэдэн ноцтой ялгаа байсан. Үүнээс Библийн мэдээг эртнээс санаатайгаар өөрчлөхийг оролдсон нь илт харагддаг. Хоёр жишээ авч үзье.

  1.   Эртний зарим орчуулгын 1 Ёохан 5:7-д «тэнгэрт Эцэг, Үг, Ариун Сүнс бий: эдгээр нь нэг юм» гэж байдаг. Гэвч найдвартай гар бичмэлүүдээс үзэхэд эх бичвэр дээрээ ингэж байдаггүйг тодорхой мэдэж болно. Энэ зүйлийг хожим нэмж бичсэн a бөгөөд орчин үеийн найдвартай орчуулгуудад үүнийг оруулаагүй байдаг.

  2.   Бурхны нэр Библийн эртний гар бичмэлүүдэд олон мянган удаа гардаг. Гэтэл Библийн олон орчуулгад энэ нэрийг «Бурхан», «Эзэн» зэрэг цолоор орлуулж бичсэн байдаг.

Цаашид алдаа гарахгүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

 Их олон гар бичмэл олдсоны ачаар алдааг олж илрүүлэхэд өмнөхөөсөө илүү амар болсон. b Эдгээр баримтуудыг харьцуулаад одоогийн Библийн үнэн зөв эсэх талаар юу нээн илрүүлсэн бэ?

  •   Хуучин гэрээ гэж нэрлэгддэг Еврей Судрын талаар Судлаач Виллиам Грин: «Ийм баттай үнэнээрээ уламжлагдан ирсэн эртний бүтээл өөр байхгүй гэхэд хилсдэхгүй» гэж хэлжээ.

  •   Библи судлаач Фредрик Брус Шинэ гэрээ гэж нэрлэгддэг Грек судрын талаар ийнхүү бичжээ. «Бусад сонгодог бүтээлүүдийн үнэн зөв эсэх талаар хэн ч маргадаггүй. Тэгвэл Шинэ гэрээний үнэн зөвийн талаарх баримт нотолгоо үүнээс хавьгүй илүү байдаг».

  •   Библийн гар бичмэлийг судалдаг нэрт эрдэмтэн Фредерик Кеньон: «Библийг гартаа бариад энэ бол Бурхны үнэн зөв Үг, ямар ч ноцтой алдаа мадаггүйгээр зуунаас зуун дамжиж ирсэн гэж нүүр бардам хэлж болно» хэмээн хэлжээ.

Библи үнэн зөвөөрөө уламжлагдаж ирсэн гэдэгт итгэж болох өөр ямар ямар шалтгаан байдаг вэ?

  •   Иудей хүн ч бай, Христийн шавь ч бай бүх хуулан бичээч Бурхны ард түмний гаргасан ноцтой алдааг нууж хаалгүй бичиж тэмдэглэсэн c (Тооллого 20:12; 2 Самуел 11:2–4; Галат 2:11–14). Иудейчүүд Бурханд дуулгаваргүй байсан тухай, хүний зохиосон сургаалыг зааж байсан тухай хэсгийг хэвээр нь үлдээсэн (Хосеа 4:2; Малахи 2:8, 9; Матай 23:8, 9; 1 Ёохан 5:21). Хуулан бичээчид эдгээр түүхийг үнэн бодитоор нь бичиж үлдээснийг үзвэл Бурхны ариун Үгийг хүндэлдэг, итгэл хүлээсэн хүмүүс болох нь харагддаг.

  •   Бурхан өөрөө анх хүмүүсийг удирдаж Библийг бичүүлчихээд үнэн зөв байлгах тал дээр анхаарахгүй гэж үү? d (Исаиа 40:8; 1 Петр 1:24, 25). Бурхан зөвхөн эрт цагийн хүмүүсийн төлөө төдийгүй, өнөөгийн бидний сайн сайхны төлөө Библийг бичүүлсэн (1 Коринт 10:11). Үнэхээр ч «эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» (Ром 15:4).

  •   Есүс болон шавь нар нь Еврей Судраас эш татан сургаал номлолоо айлдаж байхдаа үнэн зөв эсэхэд нь огт эргэлзэж байгаагүй (Лук 4:16–21; Үйлс 17:1–3).

a «Синайн кодекс», «Александрын кодекс», «Ватиканы гар бичмэл 1209», латин хэлээрх анхны орчуулга буюу «Вулгата», сири хэлээрх Филоксен-Харклийн орчуулга буюу сирийн «Пешитта» зэрэг орчуулгуудад энэ үг байдаггүй.

b Жишээ нь Шинэ гэрээ гэж нэрлэгддэг Грек Судрын грек хэлээрх 5 000 гаруй гар бичмэл олдсон.

c Библид Бурхныг төлөөлж байсан хүмүүсийг ямар ч алдаа гаргадаггүй мэтээр дүрслээгүй. Харин ч «нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүйг» хүлээн зөвшөөрдөг (Хаадын дээд 8:46).

d Бичээчид Бурхны хэлснийг үг үсэггүй бичих биш, Бурхны бодол санааг өөрсдийнхөө үгээр бичсэнийг Библиэс мэдэж болно (2 Тимот 3:16, 17; 2 Петр 1:21).