Skip to content

Мацаг барих талаар Библид юу гэж байдаг вэ?

Мацаг барих талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Библи бичигдэж байх үед зөв сэдлээр мацаг барихыг Бурхан таалдаг байжээ. Харин буруу сэдлээр мацаг барихыг таалдаггүй байв. Гэхдээ өнөөгийн хүмүүст мацаг барихыг тушаасан, эсвэл хориглосон зүйл Библид байдаггүй.

Библид бичсэнээр хүмүүс ямар үед мацаг барьдаг байсан бэ?

  •   Бурхнаас удирдлага заавар, тусламж эрэхдээ. Иерусалим руу явж байсан хүмүүс Бурхнаас чин сэтгэлээсээ тусламж гуйн мацаг барьсан (Езра 8:21–23). Паул Барнаб хоёр хурлын ахлагчдыг томилохдоо мацаг барьдаг байв (Үйлс 14:23).

  •   Бурхны санаа зорилгыг биелүүлэхээр бэлдэхдээ. Есүс баптисм хүртсэнийхээ дараа 40 хоног мацаг барьсан. Ийнхүү дэлхийд үйлчлэх хугацаандаа Бурхны хүслийг биелүүлэхэд өөрийгөө бэлджээ (Лук 4:1, 2).

  •   Үйлдсэн нүглээ гэмшихдээ. Бурхан үнэнч бус израйлчуудад «мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!» гэж зөнч Иоелээр хэлүүлсэн (Иоел 2:12–15).

  •   Эвлэрүүллийн өдрөөр. Израйл үндэстэнд өгсөн Бурхны Хуульд жил бүр Эвлэрүүллийн өдөр мацаг барих ёстойг заасан байжээ a (Левит 16:29–31). Эвлэрүүллийн өдөр мацаг барьснаараа тэд төгс бусаа, Бурхны өршөөлийг хүртэх учиртайгаа санадаг байв.

Ямар сэдлээр мацаг барих нь буруу вэ?

  •   Хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гэж. Мацаг барьснаа Бурхнаас өөр хэн нэгэнд мэдэгдэх шаардлагагүй гэж Есүс сургасан (Матай 6:16–18).

  •   Шударга сайн хүн гэдгээ батлах гэж. Мацаг барьдаг хүн бусдаас илүү ёс суртахуунтай, Бурхантай дотно гэсэн үг биш (Лук 18:9–14).

  •   Санаатайгаар нүгэл үйлддэг хэрнээ Бурхны сайшаалыг хүлээхээр (Исаиа 58:3, 4). Бурхан дуулгавартай, бас нүглээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг мацаг барихад л сайшаадаг байсан.

  •   Ёс төдий мацаг барихад (Исаиа 58:5-7). Хүүхэд аавдаа чин сэтгэлээсээ биш, ёсыг бодож л хайртай гэж хэлдэг бол аавд нь таатай сайхан санагдахгүй. Үүн шиг Бурхан бас ёс төдий мацаг барихыг таалдаггүй.

Христийн дагалдагчид мацаг барих шаардлагатай юу?

 Шаардлагагүй. Бурхан израйлчуудад Эвлэрүүллийн өдрөөр мацаг барихыг тушаасан нь үнэн. Гэхдээ Есүс гэмшсэн бүх хүний төлөө эвлэрүүллийг бүрмөсөн хийсэн учраас Христийн дагалдагчид мацаг барих шаардлагагүй болсон (Еврей 9:24–26; 1 Петр 3:18). Мөн Мосегийн хууль хүчингүй болсон учраас Христийн дагалдагчид Эвлэрүүллийн өдрийг сахих ч хэрэггүй болсон (Ром 10:4; Колосай 2:13, 14). Иймээс мацаг барих эсэхээ Христийн дагалдагч бүр өөрөө шийднэ (Ром 14:1–4).

 Христийн дагалдагчид өөрсдөө ч заавал мацаг барих ёстой гэж үздэггүй. Библид мацаг барихыг жаргалтай байхтай холбож бичсэн удаагүй. Харин Христийн жинхэнэ дагалдагчдыг «жаргалтай Бурхан» Ехова шигээ баяр жаргалтай байдаг гэж бий (1 Тимот 1:11; Номлогчийн үгс 3:12, 13; Галат 5:22).

Библийн үндэстэй гэгддэг буруу ойлголтууд

 Буруу ойлголт 1: Элч Паул эхнэр нөхрүүдэд мацаг барихыг зөвлөсөн (1 Коринт 7:5, Жеймс хааны орчуулга).

 Үнэндээ бол: Библийн хамгийн эртний гар бичмэлүүдийн 1 Коринт 7:5-д мацаг барих тухай дурдаагүй байдаг b. Библийг хуулан бичээчид ганц энэ зүйлд ч биш, Матай 17:21; Марк 9:29; Үйлс 10:30-д мөн мацаг барих тухай нэмж бичжээ. Ингэж худал мэдээлэл нэмж оруулсныг орчин үеийн ихэнх Библийн орчуулгаас хассан байдаг.

 Буруу ойлголт 2: Есүс баптисм хүртсэнийхээ дараа цөлд 40 хоног мацаг барьсан. Үүнийг нь дурсаж Христийн дагалдагчид мацаг барих ёстой.

 Үнэндээ бол: Есүс ингэхийг тушаагаагүй бөгөөд эртний дагалдагчдыг нь ч ийм мацаг барьсан гэж Сударт байдаггүй c.

 Буруу ойлголт 3: Христийн дагалдагчид Есүсийн үхлийг дурсахдаа мацаг барих ёстой.

 Үнэндээ бол: Есүс дагалдагчдадаа үхлийг нь дурсахдаа мацаг барихыг тушаагаагүй (Лук 22:14–18). Өөрийг нь үхэхэд шавь нар нь мацаг барина гэсэн нь мацаг барихыг тушаасан хэрэг биш, зүгээр л тийм юм болохыг хэлсэн хэрэг байжээ (Матай 9:15). Библид харин бүр Есүсийн үхлийг дурсахаар ирэхээсээ өмнө гэртээ юм идэхийг зөвлөсөн байдаг (1 Коринт 11:33, 34).

a Бурхан израйлчуудад Эвлэрүүллийн өдрөөр «Та нар ... өөрсдийн сэтгэлийг даруу болго» гэж хэлсэн (Левит 16:29, 31). Үүгээр мацаг барихыг хэлжээ (Исаиа 58:3). Энэ хэсгийг өөр нэг орчуулгад «Та нар нүгэл үйлдсэндээ гашуудан юм идэх ёсгүй» гэж буулгасан байдаг («The Contemporary English Version»).

b Брюс М. Мецгерийн «A Textual Commentary on the Greek New Testament»-ийн 3 дахь хэвлэлийн 554-р хуудсыг үзнэ үү.

c Лент хэмээх 40 хоног мацаг барьдаг ёсны талаар «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-д: «Улаан өндөгний баярт бэлдэж эхний гурван зуунд хамгийн ихдээ л долоо хоног, ихэнхдээ нэг юм уу хоёр хоног мацаг барьдаг байжээ. 40 хоног мацаг барих тухай анх 325 онд болсон Никейн хурлын 5 дахь тогтоолд дурддаг ч зарим судлаач энэ нь Лент мөн эсэх дээр маргадаг» гэжээ (2 дахь хэвлэл, 8-р боть, 468-р хуудас).