Skip to content

Библид шивээсний талаар юу гэж байдаг вэ?

Библид шивээсний талаар юу гэж байдаг вэ?

Библид ингэж байдаг

 Библид шивээсний тухай ганц л удаа гардаг. Левит 19:28-д «Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий» гэсэн байдаг. Израйлчуудын хөрш зэргэлдээх үндэстнүүд нь бурхдынхаа нэр болон бэлгэ тэмдгийг биедээ шивдэг байжээ. Эднээс ялгаатай байгаасай гэсэндээ Бурхан израйлчуудад ийм тушаал өгчээ (Дэд хууль 14:2). Христийн дагалдагчид израйлчуудад өгсөн хуульд захирагддаггүй ч цаана нь байгаа зарчмыг авч үзүүштэй.

Христийн дагалдагч шивээс, боди-арт хийлгэдэг үү?

 Дараах Библийн зүйлүүдийг бодох нь тустай.

  •   «Эмэгтэйчүүд ... өөрсдийгөө даруу ... байдлаар чимэгтүн» (1 Тимот 2:9, АББН 2004). Энэ зарчим эрчүүдэд ч хамаатай. Бид бусдад ямар санагдахыг бодож, хачин сонин байдлаар анхаарлыг нь татахгүй байх учиртай.

  •   Зарим хүн өөрийнхөөрөө, хараат бус байх гэсэндээ эсвэл өөрийн биеэ яасан ч дурын асуудал гэж бодон шивээс хийлгэдэг. Христийн дагалдагчдад өгсөн нэг зөвлөгөө Библид байдаг. «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөхийг та бүхэнд уриалъя. Ингэвэл та нар оюун ухаанаа дайчлан Бурханд үйлчилж чадна» гэжээ (Ром 12:1). Яагаад шивээс хийлгэх гээд байгаагаа сайтар бодож «оюун ухаанаа дайчлаарай». Сонин содон загвар хөөгөөд, эсвэл ямар нэг бүлгийн гишүүн болоод шивээс хийлгэх гэж байна уу? Хэсэг хугацааны дараа уйдах юм биш биз? Гэхдээ нэгэнт шивүүлчихсэн бол арилгахад хэцүү шүү дээ. Яг яагаад хүсээд байгаагаа сайн бодож байж шийдээрэй (Сургаалт үгс 4:7).

  •   «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» (Сургаалт үгс 21:5). Хүмүүс ер нь шивээсний хор уршиг арилшгүй удаан байдгийг бодолгүй сэтгэлийн хөөрлөөр яаран хийлгэдэг. Жишээ нь хүмүүстэй харилцах харьцаанд, ажилд ороход саад болох нь бий. Мөн шивээсийг арилгахад үнэтэй байдаг бас их өвддөг. Судалгаанаас үзвэл, шивээс хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь хожим харамсдаг. Үүнийг дагаад шивээс арилгах үйлчилгээ бизнесийн салбарт хүчээ авч байна.