Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Цуглааны танхим маань үргэлж сайхнаараа

Цуглааны танхим маань үргэлж сайхнаараа

2024 ОНЫ 4 САРЫН 1

 «Би цуглааны танхимдаа очих дуртай. Тэнд би итгэл нэгтнүүдтэйгээ хамт яг л гэртээ байгаа юм шиг байдаг» хэмээн Колумбид амьдардаг Никол хэлжээ. Танд ч бас ингэж санагддаг уу?

 Еховагийн Гэрчүүд дэлхий даяар 63 000 орчим цуглааны танхимтай. Тэндээ бид Бурхнаа ая тухтай шүтэхээс гадна өөр олон зүйлийг хийдэг. «Цуглааны танхим маань бидний хүргэдэг мэдээг илүү сэтгэл татам болгодог. Танхимаа хэрхэн ийм сайхан байлгадгийг ирсэн зочид хараад ихэд гайхдаг» хэмээн Колумбид байнгын эхлэгчээр үйлчилдэг Дэвид хэлжээ. Хар аяндаа ийм сайхан болдог юм биш ээ. Бид цуглааны танхимаа цэвэрлэж, арчлахын тулд шаргуу ажилладаг. Энэ ажил хэрхэн явагддаг вэ?

Засварын ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

 Хурлууд цуглааны танхимаа арчилж тордох үүрэгтэй учраас итгэл нэгтнүүд маань танхимаа байнга цэвэрлэдэг. Мөн ашиглалтын хугацааг уртасгахын тулд урсгал болон бусад шаардлагатай засварыг ч хийдэг.

 Танхимаа арчилж тордоход нь туслах зорилгоор хурлуудад засвар үйлчилгээ хариуцсан сургагч нарыг салбар дахь барилга төлөвлөлтийн хэлтсээс томилдог. Сургагч болгон зургаагаас арван танхим хариуцдаг бөгөөд хурлуудад ээлжлэн очиж, хурлын дэлгэрүүлэгчдэд танхимаа хэрхэн арчилж тордохыг зааж сургадаг. Мөн гурван жил тутам цуглааны танхимын барилга тус бүрийн элэгдлийг тооцож, аюулгүй байдлыг шалган засвар хийх шаардлагатай эсэхийг тодорхойлно.

Засвар үйлчилгээ хариуцсан сургагчид цуглааны танхимаа хэрхэн арчилж тордохыг заадаг

 Итгэл нэгтнүүд маань тэдний зохион байгуулсан сургалтад их талархдаг. «Сургалт их үр дүнтэй боллоо. Танхимаа арчилж тордох талаар ихийг сурсандаа сэтгэл өндөр байна» гэж Энэтхэгт үйлчилдэг Индхумати ярьсан юм. Кенид амьдардаг Эвенз: «Хандивын мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд тухайн барилга байшинг их засварт орохоос нь өмнө дор дор нь засаж янзлаад явах нь чухал гэдгийг ойлгосон» хэмээв.

Зардлын эх үүсвэр

 Цуглааны танхим хаана байрладаг, баригдаад хэдэн жил болж байгаа, хэдэн хурал цуглаанаа явуулдаг зэргээс хамаараад үйл ажиллагаагаа явуулах, засаж тордох жилийн зардал нь хэдэн зуугаас хэдэн мянган ам.доллар хүрдэг. Эдгээр зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

 Цуглааны танхимын засварын зардлыг хандивын мөнгөнөөс гаргадаг. Казахстанд амьдардаг Александр: «Уг хандивын мөнгөөр интернэт, ус, цахилгааны зардлыг төлөхөөс гадна алчуур, бээлий, цэвэрлэгээний хэрэгсэл, будаг гэх мэт шаардлагатай зүйлсийг худалдан авдаг» гэжээ. Манай байгууллагын дэлхий даяар явуулдаг үйл ажиллагаанд их хэмжээний зардал орох томоохон засварын төслүүд багтдаг бөгөөд хандивын мөнгөнөөс үлдсэнийг нь тэдгээрт зориулан илгээдэг.

Томоохон засварын төслүүд

 Хэрэв цуглааны танхимын засварын зардал нь хоёр юм уу гурван сарын дундаж зардлаас илүү гарахаар байвал ахлагч нар салбар дахь барилга төлөвлөлтийн хэлтсийн сургагчтай зөвлөдөг. Хэрэв хэлтэс зөвшөөрвөл дэлхий дахины үйл хэрэгт зориулсан хандиваас зардлыг гаргадаг. 2023 оны үйлчлэлийн жилд 8 793 төслийг хэрэгжүүлж нийт 76.6 сая ам.долларыг зарцуулсан. Тэдгээрээс хоёр жишээг авч үзье.

 Анголд баригдаад 15 жил болсон нэг цуглааны танхимын цахилгааны шугам нь элэгдэн хуучирч, хананд нь ан цав гарчээ. Түүнээс гадна борооны ус зэргэлдээх оршин суугчдын байр луу урсдаг гэсэн гомдол гарсан байна. Салбар дахь барилга төлөвлөлтийн хэлтэс уг асуудлыг шийдэхээр төсөл гаргаж, уг төслөө хэрэгжүүлэхэд 9 285 ам.доллар зарцуулжээ. Засварын ажил хэрхэн чанартай явагдаж байгааг хараад сэтгэл нь хөдөлсөн хөршүүд талархлаа илэрхийлсэн байна.

Ангол дахь засаж шинэчилсэн цуглааны танхим

 Польшийн нэгэн цуглааны танхимын дээврээс нь ус алдаж, хивс нь хэрэглэхийн аргагүй болжээ. Салбар дахь барилга төлөвлөлтийн хэлтэс дээврийг ус нэвтэрдэггүй болгон засварлах, хивсийг шинээр солих төсөв баталсан. Уг ажилд 9 757 ам.доллар зарцуулсны үр дүнд ойрын хэдэн жилд томоохон засвар хийх шаардлагагүй болсон байна.

Польш дахь цуглааны танхимын засварын явц

Засаж тордох ажил Еховаг алдаршуулдаг

 Засварын ажил хийхдээ хандивын мөнгийг хэмнээд зогсохгүй Еховаг алдаршуулдаг. Тонгад үйлчилдэг Шоон: «Энэ ажлын үр дүнд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй танхимд Ехова Бурхнаа шүтэх нөхцөл бүрдсэнээс гадна эргэн тойрныхонд маань ч сайхан гэрчлэл болсон. Бид хүмүүсийг танхимдаа нүүр бардам урьдаг» хэмээн ярьсан юм.

Хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

 Цуглааны танхимаа цэвэр сайхан байлгахад хүн бүр хувь нэмрээ оруулж болно. «Бид танхимаа арчилж тордох эрхэм үүрэгтэй. Бүгд энэ үүргээ биелүүлбэл хандивын мөнгийг нэн шаардлагатай байгаа газар нь зарцуулах боломж бүрдэнэ» хэмээн Австралид засвар үйлчилгээний сургагчаар томилогдсон Марино өгүүлжээ.

 Энэтхэгт үйлчилдэг Жоел цуглааны танхимаа арчилж тордохдоо баяртай байдаг. Тэрээр: «Диваажин дэлхийд итгэл нэгтнүүдтэйгээ яг ингээд мөр зэрэгцэн ажиллана даа хэмээн бодогдсон» гэв. Өгүүллийн эхэнд дурдагдсан Никол: «Саяхан ариун цэврийн өрөөнд ус алдсан. Ах нарыг засаж байх хооронд би усыг нь шавхаж тусалсан. Хэдийгээр гол үүрэг гүйцэтгээгүй ч гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцсон шүү» хэмээн ярьсан юм.

 Хэрэв та танхимаа арчилж тордох ажилд оролцохыг хүсвэл ахлагчдад хандаарай. Түүнээс гадна таны өргөдөг хандивыг зөвхөн танай цуглааны танхимд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд буй бусад танхимуудын засварын ажилд мөн зарцуулдаг. Хандиваа танхим дахь хандивын хайрцагт хийх юм уу эсвэл donate.pr418.com сайтаар дамжуулан өгч болно. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархлаа илэрхийлье.

Хүн бүр цуглааны танхимаа арчилж тордоход хувь нэмрээ оруулдаг