Skip to content

Гарчиг руу орох

«Кинсли чадсан бол би ч бас чадна!»

«Кинсли чадсан бол би ч бас чадна!»

МӨРӨН дээр нь гар хүрэхийг мэдэрсэн Кинсли Библиэс уншиж эхэллээ. Дэлгэрүүлэгчийн сургуулийн анхны даалгавраа биелүүлж байгаа нь энэ. Үг үсэг алдалгүй зөв, тод уншихыг хичээнэ. Гэхдээ байзаарай! Библи рүүгээ харахгүй байх юм. Яагаад тэр юм бол?

Кинсли бол Шри Ланкад амьдардаг хараагүй эр. Бас сонсгол муутай. Ийш тийш явах болоход тэргэнцэр дээр сууна. Энэ хүн Еховатай яаж танилцав? Дэлгэрүүлэгчийн сургуульд хэрхэн оров? Би ярьж өгье.

Анх Кинслитэй уулзаад Библийн үнэнийг мэдье гэсэн чин хүсэлтэйг нь хараад миний сэтгэл их догдолж билээ. Урьд нь Гэрчүүдээр Библи заалгаж байсан гэнэ. Брайл үсгээр бичсэн «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» гэдэг ном нь бүр элэгдчихэж. * Дахин хичээл хийх үү гэж асуухад минь зөвшөөрсөн юм. Харин хоёр саад тулгарав.

Өндөр настай, өрөөл татуу хүмүүсийг асардаг газар Кинсли амьдардаг байв. Эргэн тойронд чимээ шуугиан их, Кинслийн сонсгол муу болохоор би байдгаараа хашхирч ярьдаг байлаа. Үүний дүнд тэнд байсан бүх хүн бид хоёрын хичээлийг 7 хоног бүр сонсдог байсан.

Кинсли нэг дор их юм уншиж, ойлгож чадахгүй. Бид хоёр хичээлээ илүү үр дүнтэй болгохын тулд сайн бэлддэг болов. Кинсли судлах хичээлээ урьдчилж дахин дахин уншаад, Библийн зүйлийг брайл үсгээр бичсэн Библиэсээ хараад, дараа нь асуултад юу гэж хариулахаа толгойдоо боловсруулна. Энэ арга үнэхээр үр дүнд хүрсэн. Хичээлийн үеэр Кинсли хивсэн дээр завилж суух бөгөөд үзсэн зүйлээ хариулах болоход сэтгэл нь хөдөлсөндөө шал тогшин чанга дуугаар ярьдаг байв. Удалгүй бид хоёр 7 хоногт хоёр удаа, хоёр цагаар хичээллэх болсон юм.

ЦУГЛААНД ОЧИЖ, ХАРИУЛДАГ БАЙСАН

Кинсли Пол хоёр

Кинсли цуглаанд очихын бөөн хүслэн. Даан ч санаан зоргоор яваад очиж чадах биш. Машинаас бууж суух, Хаанчлалын танхим руу орж гарах гэдэг тэргэнцэртэй хүнд их төвөгтэй. Тусламж зайлшгүй хэрэгтэй. Хурлынхан ч дуртайяа тусалдаг байв. Үүнийгээ завшаан гэж үзнэ. Цуглааны үеэр Кинсли өсгөгчөөс чих салгана гэж үгүй. Анхааралтай сонсож байгаад заримдаа бүр хариулна гээч!

Хичээл хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Дэлгэрүүлэгчийн сургуульд орохоор болов. Анхны даалгавар нь Библи унших байлаа. Хоёр 7 хоногийн өмнө би түүнээс унших дасгал хийж байгаа эсэхийг нь асуув. Кинсли: «Тийм ээ, 30-аад удаа» гэж их л итгэлтэй хариуллаа. Ийм их зүтгэл гаргасныг нь магтаад уншиж өгөхийг гуйв. Кинсли Библиэ нээгээд хуруугаа брайл үсэгнүүд дээр тавин уншиж эхлэв. Уг нь тэмтрээд уншдаг боловч энэ удаа хуруугаа хөдөлгөхгүй байгааг нь би анзаарлаа. Унших хэсгээ бүгдийг нь цээжилчихэж!

Би итгэж ядан нулимстай нүдээрээ хараад л байлаа. Ердөө 30 удаа уншсан хэр нь яаж ийм сайн тогтоосныг нь асуусан чинь «Үгүй ээ, би өдөр болгон 30-аад удаа уншдаг юм» гэж хариулж билээ. Хивсэн дээрээ завилж сууж байгаад цээжилтлээ дахин дахин уншдаг байсан юм байжээ. Сар гаруйн турш ингэж бэлджээ.

Даалгавраа биелүүлэх өдөр болов. Кинслиг уншиж дуусахад хурлынхан ихэд бахдалтайгаар нижигнэтэл алга ташиж, ийм зүтгэлтэй байгааг нь хараад олон хүн нулимс унагасан. Нэг дэлгэрүүлэгч эмэгтэй сандардгаасаа болоод Дэлгэрүүлэгчийн сургууль дээр даалгавар биелүүлэхээ больсон байв. Тэгтэл сургуульд дахин бүртгүүлчихэв. Яагаад юм бол? «Кинсли чадсан бол би ч бас чадна!» гэсэн юм даа.

Кинсли гурван жил Библи судлаад Еховад өөрийгөө зориулснаа харуулж 2008 оны 9 дүгээр сарын 6-нд баптисм хүртсэн. Бурхандаа үнэнч байсаар 2014 оны 5 дугаар сарын 13-нд нас барсан. Дэлхий диваажин болоход эрч хүчтэй, эрүүл чийрэг болчихоод Бурхандаа үйлчилнэ гэдэгтээ итгэл төгс байсан даа (Ис. 35:5, 6)—Пол Макманус ярив.

^ д/м 4 1995 онд хэвлэгдсэн. Одоо хэвлэхээ больсон.