Skip to content

БУРХНЫ ҮЗЭЛ БОДОЛ

Мөрийтэй тоглоом

Мөрийтэй тоглоом

Зарим хүмүүс мөрийтэй тоглохыг зүгээр л нэг зугаа цэнгэл гэж үздэг бол, зарим нь үүнийг үнэхээр хор уршигтай буруу зүйл гэж үздэг.

Мөрийтэй тоглоом тоглох нь буруу юу?

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ?

Зарим хүмүүс хуулийн дагуу мөрийтэй тоглоход гэм хоргүй гэсэн ойлголттой байдаг. Жишээ нь засгийн газраас дэмждэг мөрийтэй тоглоомын газрууд нь олон нийтэд ач тустай хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг учраас ашигтай гэж тэд үздэг.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

Библид мөрийтэй тоглох нь буруу гэж тодорхой бичсэн зүйл байхгүй. Гэхдээ Бурхан мөрийтэй тоглоомыг юу гэж үздэг талаар олон зарчим байдаг.

Мөрийтэй тоглоом нь хэн нэгнийг хоосруулж мөнгөтэй болох зарчмаар явагддаг. Энэ нь «Шунахай байхаас болгоомжил» гэсэн Библийн зарчимтай зөрчилддөг (Лук 12:15). Ер нь мөрийтэй тоглоом шунахай сэдлээс үүдэлтэй. Мөрийтэй тоглоомын газрууд хүмүүст их хэмжээний мөнгө олох боломжтой гэж сурталчилдаг хэрнээ мөнгө хожих боломж бараг байхгүй гэдгийг ерөөсөө хэлдэггүй. Их хэмжээний мөнгө олохын тулд төдийчинээ хэмжээний мөнгө тавьж тоглоно гэдгийг тус газрууд сайн мэдэж байгаа. Тийм газрууд хүмүүсийг шуналтай болохоос сэргийлэх гэхээсээ илүү амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүслийг өдөөдөг.

Мөрийтэй тоглоом нь угаасаа бусдын алдсан мөнгөнөөс ашиг олох гэсэн хувиа бодсон үзлийг дэвэргэдэг тоглоом. Харин Библи: «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» гэж уриалдаг (1 Коринт 10:24). Бас Арван тушаалын нэгэнд «Хөршийнхөө юунд ч бүү шунахайр» гэж байдаг (Египетээс гарсан нь 20:17). Мөрийтэй тоглож байгаа хүн заавал хожно гэсэн бодолтой тоглодог учраас бусад хүмүүс алдаасай, тэгвэл би хожно гэсэн хүслийг сэтгэлдээ тээж явдаг.

Мөн Библи азыг ивээл хүртээдэг нууцлаг хүч гэж үзэхээс сэрэмжлүүлдэг. Эртний израйлчууд Бурханд итгэхээ болиод «Аз завшааны төлөө ширээ засдаг» болжээ. Азын тэнгэрт итгэдэг болсон тэднийг Бурхан сайшаасан болов уу? Үгүй ээ. «Та нар Миний өмнө мууг үйлдэн, Миний хүсээгүйг сонгосон» гэж тэдэнд хэлсэн (Исаиа 65:11, 12).

Зарим улс оронд мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрдөг бөгөөд тэндээс олсон ашгаасаа боловсрол, эдийн засгийн хөгжил болон олон нийтийн зарим хөтөлбөрт зарцуулдаг нь үнэн. Гэхдээ юунд ч зарцуулсан байсан, мөнгө олох арга нь хэвээрээ. Шунал, хувиа хичээх хандлагыг ил тодоор дэмжиж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үзлийг хөөрөгдсөөр байдаг нь нууц биш.

«Чи ... хөршийнхөө юунд ч бүү шунахайр» (Египетээс гарсан нь 20:17).