Skip to content

ОНЦЛОХ СЭДЭВ

Порно хал балгүй юү? Эсвэл аюултай юу?

Порно хал балгүй юү? Эсвэл аюултай юу?

Өнөө үед порно материал * зах замбараагүй их гарах болжээ. Зар сурталчилгаа, хувцас загвар, кино, дуу хөгжим, сэтгүүл, зурагт, видео тоглоом, ухаалаг утас болон бусад хэрэгслүүд, веб сайтууд, фото зургийн сайтуудад дүрсэлсэн байдаг. Тэгэхлээр орчин үед порно материалыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болоод байна. Хаа сайгүй олон хүн порно материалыг сонирхон үздэг болжээ ( Порноны талаарх тоо баримтууд гэсэн хавсралтыг үзнэ үү).

Порно материалын талаарх хүмүүсийн үзэл өөрчлөгдөж байна. Профессор Гэйл Дайнс: «Өнөө үед бэлгийн харьцааг хэтэрхий ил тод дүрсэлдэг болсон. Харгис хэрцгий порног ч одоо жирийн гэж үзэх болжээ» гэж бичсэн байна.

Та дээрх хандлагыг юу гэж бодож байна вэ? Порно гэм хоргүй зугаа юу? Эсвэл үхлийн аюултай хор уу? Гэм хортой ч биш, гэм хоргүй ч биш зүйл үү? Есүс: «Сайн модонд сайн жимс ургадаг. Муу модонд муу жимс ургадаг» гэж хэлсэн (Матай 7:17). Порно материал ямар үр жимс ургуулдаг вэ? Үүнийг мэдэхийн тулд дараах асуултуудыг авч үзье.

Порно материал хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

СУДЛААЧИД ЮУ ХЭЛДЭГ ВЭ? Зарим судлаач, мэргэжилтнүүд порног дээд зэргийн донтуулах чадвартай хар тамхитай зүйрлэдэг.

Интернэтээр порно үзээд донтчихсон Брайн *: «Намайг юу ч хорьж дийлээгүй. Би бараг ховсдуулсан юм шиг болчихдог байлаа. Хамаг бие салганаж, толгой өвддөг байсан. Би болих гэж оролдсон л доо. Гэхдээ олон жил өнгөрсөн ч би порно үзэхээ больж чадаагүй» гэж ярьсан юм.

Порнонд донтсон хүмүүс энэ зуршлаа нуудаг, бусдыг хуурч мэхэлдэг. Бас бусдаас дөлдөг, ичиж зовдог, санаа зовдог, депресст ордог бүр уурлаж цухалддаг нь гайхах зүйл биш юм. Тэр байтугай амиа хорлох хандлагатай байдаг. Өдөр болгон утсандаа порно материал татаж авдаг байсан Сергей: «Би их зожиг болж, сүүлдээ цөхрөнгөө барсан. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог, өөрийгөө буруутгадаг, ганцаардмал, гарцгүй болсон юм шиг байлаа. Их айж сандардаг, бусдаас тусламж авахаас халширдаг байсан» гэж хэлсэн юм.

Порног зэрвэс харахад л муу нөлөөтэй. Доктор Жүдит Райсмэн АНУ-ын Сенатын хорооны өмнө «Порно дүр зураг хүний тархинд гүн хоногшиж, бодол санааг өөрчилдөг. Тархинд гэнэтийн цочрол өгч, хүний ой санамжид огт арилшгүй биохимийн ул мөрийг үлдээдэг» гэж хэлсэн байдаг. Сузан гэдэг 19 настай охин порно веб сайт руу санаандгүй орчихжээ. Тэрбээр: «Тэр дүр зургууд миний ухаан санаанд сийлэгдсэн. Гэв гэнэт л бодогддог. Ухаан санаанаас минь хэзээ ч арилахгүй юм шиг санагддаг» гэжээ.

ДҮГНЭЖ ХЭЛЭХЭД: Порно материал хүнийг боолчилдог, амьдралыг сүйрүүлдэг (2 Петр 2:19).

Порно материал гэр бүлд яаж нөлөөлдөг вэ?

СУДЛААЧИД ЮУ ХЭЛДЭГ ВЭ? Вэнди Малц Ларри Малц нар «Порно урхи» гэдэг номдоо «Порноноос болж хосууд салдаг, гэр бүл сүйрдэг» гэж бичжээ.

Порно материал гэр бүл болон нөхөр эхнэр хоёрт яаж муугаар нөлөөлдөг вэ?

  • Нөхөр эхнэр хоёр бие биедээ итгэхээ больдог, бие биеэ гэсэн хайр, халуун дотно сэтгэл үгүй болно (Сургаалт үгс 2:12–17).

  • Хувиа хичээсэн, хүйтэн хөндий, ханьдаа сэтгэл ханамжгүй болно (Эфэс 5:28, 29).

  • Бэлгийн гаж хүсэлтэй, янз бүрийн юм боддог болно (2 Петр 2:14).

  • Гаж бэлгийн харьцаанд орохыг ханиасаа тулган шаарддаг болно (Эфэс 5:3, 4).

  • Ханиасаа сэтгэлээрээ холдож, үнэнч бус байхад хүргэдэг (Матай 5:28).

Библи ханийнхаа итгэлийг эвдэхгүй байхыг хосуудад уриалдаг (Малахи 2:16). Ханьдаа үнэнч бус хүн гэр бүлээ сүйрүүлнэ. Цаашлаад салахад хүргэнэ. Салж сарнихлаар хүүхэд л хохирдог.

Порно материал хүүхдэд бүр ч их хор хөнөөлтэй. Дээр дурдсан Брайн: «Би 10 настай байхдаа нуугдаж тоглож байгаад аавынхаа порно сэтгүүлийг олоод харчихсан юм. Би яагаад ийм зүйлд татагдаад байгаагаа мэдэхгүй ч нууцаар хардаг болсон. Том болсон хойноо ч ийм муухай зуршилтай хэвээрээ л байсан» гэж ярьсан юм. Порно үзсэн өсвөр насны хүүхэд, насанд хүрээгүй байхдаа бэлгийн харьцаанд ордог. Янз янзын хүмүүстэй унтаж хэвтэнэ. Бэлгийн хүчирхийлэл үйлдэнэ. Бас сэтгэл санаа нь тогтворгүй болдгийг олон судалгаа харуулдаг.

ДҮГНЭЖ ХЭЛЭХЭД: Порно материал гэр бүлийн хайр халамжийг үгүй хийж, сэтгэлийн зовлонд унагадаг (Сургаалт үгс 6:27).

Порно материалын тухай Библид юу гэж байдаг вэ?

БУРХНЫ ҮГЭНД ИНГЭЖ БИЧЖЭЭ: «Садар самуун, бузар булай явдал, тачаал, муу хүсэл, шүтээн шүтэхтэй зүйрлэм шуналаас хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» (Колосай 3:5).

Товчхон хэлбэл, Ехова * Бурхан порно материалыг үзэн яддаг. Гэхдээ бэлгийн харьцааг буруу гэж үздэг гэсэн үг биш ээ. Бурхан гэрлэсэн хоёрыг бие биендээ таашаал эдлүүлж, ойртон дотносож, үр хүүхэдтэй болохын жаргалыг эдлээсэй гэсэндээ бэлгийн чадвар заяасан (Яаков 1:17).

Ехова порно материалыг жигшдэг гэж бид яагаад дүгнэж болох вэ? Хэд хэдэн шалтгааныг авч үзье.

  • Порно материал амьдралыг сүйрүүлдгийг тэрбээр мэддэг (Эфэс 4:17–19).

  • Ехова биднийг хайрладаг, хор хөнөөлтэй юмнаас биднийг хамгаалахыг хүсдэг (Исаиа 48:17, 18).

  • Ехова эхнэр нөхөр хоёрыг ч, гэр бүлийг ч хамгаалахыг хүсдэг (Матай 19:4–6).

  • Ехова биднээс ёс суртахууны хувьд цэвэр ариун, бусдын эрхийг хүндэтгэдэг байгаасай гэж хүсдэг (1 Тесалоник 4:3–6).

  • Тэрбээр биднийг нөхөн үржихүйн чадвараа зөв ашиглаасай гэж хүсдэг (Еврей 13:4).

  • Порно материал бэлгийн харьцааны талаарх гажууд, аминч үзлийг дэвэргэдэг (Эхлэл 6:2; Юуда 6, 7).

ДҮГНЭЖ ХЭЛЭХЭД: Порно материал Бурхантай тогтоосон нандин харьцааг эвдэн бусниулдаг (Ром 1:24).

Порно үзэх зуршлаасаа салах гэж хичээж байгаа хүнийг Ехова ойлгож өрөвддөг. Библид «ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» гэж бичжээ (Дуулал 103:8, 14). Ехова даруу хүмүүсээс «хэрэгтэй цагт өршөөл, нигүүлсэл хүртэхийн тулд» өөрт нь хандаасай гэж хүсдэг (Еврей 4:16;  «Порно үзэх зуршлаас салах нь» хавсралтыг үзнэ үү).

Олон хүн Бурхны тусламжийг аваад ямар үр дүнд хүрсэн бэ? Муу зуршлаа хаяж чадсан хүмүүсийн талаар Библид «Бурхан та нарыг Эзэн Есүс Христийн нэрэнд итгэдэг учраас агуу хүчээрээ угаасан, ариусгасан, зөв гэж үзсэн» гэж байдаг (1 Коринт 6:11). Тэд «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлсэн элч Паултай адилхан сэтгэлтэй байдаг (Филиппой 4:13).

Порно үзэх зуршлаасаа салсан Сузан: «Энэ муухай зуршлаас салахад Ехова л надад тусалсан. Удирдлага заавар гуйж, тусламжийг нь авбал хэн ч цэвэр мөс чанартай болж чадна. Ехова хэзээ ч итгэлийг тань хөсөрдүүлэхгүй» гэж хэлсэн юм.

^ д/м 3 Үзэгч, уншигч, сонсогчийн дур хүслийг өдөөх зорилготой, бэлгийн харьцааг ил тод харуулсан материалыг порно материал гэдэг. Үүнд зураг, ном хэвлэл, аудио материал багтдаг.

^ д/м 8 Энэ өгүүлэлд гарсан хүмүүсийн нэрийг өөрчлөв.

^ д/м 25 Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг.