Skip to content

Яавал гар хангалга хийхээ болих вэ?

Яавал гар хангалга хийхээ болих вэ?

25-Р БҮЛЭГ

Яавал гар хангалга хийхээ болих вэ?

«Би наймтайгаасаа гар хангалга хийдэг болсон. Яваандаа гар хангалга хийхийг Бурхан юу гэж үздэгийг мэдэж авсан. Гэхдээ энэ зуршилдаа үе үе дийлдчихдэг байв. Тэр үедээ шантарч “Бурхан над шиг хүнийг яаж хайрлах вэ дээ!” гэж боддог байсан»—Луиз.

БЭЛГИЙН бойжилтын үед бэлгийн дур хүсэл хүчтэй оргилох нь бий. Үүнээс болоод зарим хүн гар хангалга хийх зуршилтай болдог. * Олон хүн гар хангалга хийхийг зүгээр, тэглээ гээд хэнийг ч хохироохгүй гэж боддог. Гэхдээ гар хангалга хийх нь зайлсхийх ёстой зуршлуудын нэг юм. Элч Паул: «Тиймээс ... тачаалаас ... хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» гэж бичсэн байдаг (Колосай 3:5). Гар хангалга хийвэл хүсэл тачаалаа дарж «биеийнхээ эрхтнүүдийг үхүүлэх» биш харин ч бүр өдөөдөг. Өөр ямар үр дагавартай вэ?

● Гар хангалга хийдэг хүн хувиа бодох хандлагатай болдог. Жишээ нь дур хүслээ хангахыг юу юунаас илүү чухал гэж үздэг.

● Гар хангалга хийгээд байвал эсрэг хүйсийнхээ хүнийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл төдийхнөөр үздэг болно.

● Гар хангалга хийж зуршаад аминч үзэлтэй болсон хүн гэрлэсэн хойноо ч дур хүслээ хангахыг л чухалд үздэг. Үүнээс болоод эхнэр нөхөр хоёрын бэлгийн амьдралд бэрхшээл гарах нь бий.

Бэлгийн дур хүсэл хүчтэй оргилох үед гар хангалга хийх зуршилдаа дийлдэх биш, харин биеэ барьж сурах хэрэгтэй (1 Тесалоник 4:4, 5). Ингэхийн тулд бэлгийн дур хүсэл өдөөх нөхцөлд анхнаасаа орохгүй байхыг Библи уриалдаг (Сургаалт үгс 5:8, 9). Нөгөөтээгүүр гар хангалга хийх зуршилдаа дийлдчихвэл яах вэ? Тийм үед олон хүн өөрийгөө засаршгүй хүн, бас Бурхны хэм хэмжээг хэзээ ч сахиж чадахгүй гэж боддог. Ялангуяа хэчнээн хичээсэн ч энэ зуршлаасаа салж чадахгүй үед ингэж бодогдох нь ойлгомжтой. Педрод бас тэгж санагджээ. Педро: «Гар хангалга хийснийхээ дараа их гутарсан. Бурхан намайг хэзээ ч уучлахгүй дээ гэж бодогддог байсан. Бас залбирахад үнэхээр амаргүй байсан» гэж ярьсан юм.

Чамд бас тэгж санагддаг бол битгий шантраарай. Энэ зуршлаасаа салах боломжтой. Яагаад гэвэл охид хөвгүүд, томчууд гээд олон хүн энэ зуршлаасаа салсан. Чи ч бас салж чадна!

Яавал өөрийгөө буруутгахаа болих вэ?

Гар хангалга хийж зуршсан олон хүн өөрийгөө буруутгадгийг дээр ярьсан билээ. «Бурхны хүслийн дагуу шаналбал» гар хангалга хийх зуршлаасаа салах хүсэлтэй болно (2 Коринт 7:11). Харин өөрийгөө хэтэрхий их буруутгавал энэ зуршилтайгаа тэмцэх нь битгий хэл, бүр бууж өгмөөр санагдана (Сургаалт үгс 24:10).

Тийм учраас зөв үзэлтэй байхыг хичээгээрэй. Гар хангалга хийх нь бузар булай явдлын нэг юм. Энэ зуршилдаа дийлдвэл «хүсэл тачаалдаа боолчлогдож» буруу юм боддог болно (Тит 3:3). Нөгөөтээгүүр гар хангалга хийвэл садар самуун үйлдсэн гэсэн үг биш (Юуда 7). Тийм учраас уучлуулшгүй нүгэл үйлдсэн гэж битгий бодоорой. Хамгийн гол нь бэлгийн дур хүсэл өдөөх зүйлээс хол байж, энэ зуршлаасаа салах гэж тэмцсээр байх нь чухал!

Гар хангалга хийх зуршилдаа дийлдчихвэл сэтгэлээр унах нь ойлгомжтой. Гэхдээ тийм үед Сургаалт үгс 24:16-г санаарай. Тэнд «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ. Харин хар санаатай хүн гай тохиох цагт нэгмөсөн бүдэрнэ» гэж байдаг. Үе үе энэ зуршилдаа дийлдчихдэг нь чи муу хүн гэсэн үг биш. Ийм учраас битгий бууж өгөөрэй. Харин юунаас болоод гар хангалга хийснээ сайтар бодоорой. Дахиад алдаагаа давтахгүйн тулд хичээгээрэй.

Бас Бурхны хайр, өршөөлийн тухай эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Сул талаасаа болоод нүгэл үйлдэж байсан дуулалч Давид: «Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» гэж бичжээ (Дуулал 103:13, 14). Ехова бидний төгс бус байдлыг ойлгодог учраас «уучлахад бэлэн» байдаг (Дуулал 86:5). Нөгөө талаас биднийг алдаа дутагдлаа засаж өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Тэгвэл гар хангалга хийдэг зуршлаасаа салахын тулд яах хэрэгтэй вэ?

Юу үзэж хардгаа бодоорой. Чи бэлгийн дур хүсэл өдөөдөг кино, нэвтрүүлэг үзэж, вэб сайт руу ордог уу? Дуулалч Давид Бурханд «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» гэж залбирчээ (Дуулал 119:37).

Анхаарлаа өөр юманд төвлөрүүлэхийг хичээгээрэй. Виллиам гэдэг Гэрч залуу: «Унтахаасаа өмнө Библи юм уу Библид үндэслэсэн ном хэвлэл уншаарай. Яг унтахынхаа өмнө сайн сайхан юм бодох нь их чухал юм билээ» гэж ярьжээ (Филиппой 4:8).

Асуудлынхаа талаар хүнтэй ярилцаарай. Энэ сэдвээр ярина гэхээр ичмээр санагдаж болох юм. Гэхдээ хүнтэй ярилцвал энэ зуршлаа хаяхад дөхөм болно. Дэйвид гэдэг Гэрч ийн ярьжээ. «Би зориг гаргаад аавтай хувьчилж ярьсан юм. Ингэж ярих амаргүй байсныг аав ойлгож байсан. Би юу гэж хэлснийг нь одоо ч тод санадаг. Над руу инээмсэглэж хараад “Чамаар их бахархаж байна” гэж билээ. Аавтай ярилцаад урам орж, энэ зуршлаасаа ерөөсөө л салъя гэж бодсон.

Аав маань намайг засрахаасаа өнгөрсөн хүн биш гэдгийг, бас энэ зуршлаасаа заавал салах ёстойг хэдэн Библийн зүйл үзүүлээд тайлбарласан юм. Тэгээд “Энэ муу зуршилд дийлдлээ гэхэд толгойгоо гудайлгахын оронд дахиж хийхгүй аль болох удахыг хичээгээрэй, ардахаа мартаж урагшаа тэмүүлээрэй. Дараа дахиад ярилцъя” гэсэн юм. Тулгараад байгаа асуудлыг минь мэддэг, тусалж дэмждэг хүнтэй байх ч сайхан шүү».

ДАРААГИЙН БҮЛЭГТ

Зарим хүн хүссэн хүнтэйгээ бэлгийн харьцаанд орохыг зүгээр гэж боддог. Гэхдээ энэ нь яагаад зүгээр биш болохыг мэдэж аваарай.

[Зүүлт]

^ д/м 4 Гар хангалга хийхийг бэлгийн дур хүсэл гэнэт төрөхтэй андуурч ойлгож болохгүй. Жишээлбэл хөвгүүд заримдаа шөнө бэлгийн дур хүсэл нь хүчтэй оргилох юм уу нойтон зүүд зүүдлээд сэрдэг. Охидуудын хувьд сарын тэмдэг нь ирэхээс өмнөхөн юм уу ирсний дараахан бэлгийн дур хүсэл гэнэт оргилох нь бий. Харин гар хангалга хийхэд хүн өөрөө бэлгийн дур хүслээ өдөөдөг.

БИБЛИЙН ГОЛ ЗҮЙЛ

«Залуу насны хүсэл тачаалаас зугт. Харин Эзэнд найддаг, мөс сайтай хүмүүстэй хамт Бурхны таалалд нийцүүлж, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө» (2 Тимот 2:22).

ЗӨВЛӨГӨӨ

Дур хүслээ барьж дийлэхгүй болохоосоо өмнө Еховад залбираарай. Тэвчихэд тусалж «хэрээс хэтэрсэн хүч» өгөөч гэж гуйгаарай (2 Коринт 4:7).

ЧИ МЭДЭХ ҮҮ?

Сул дорой хүн дур хүсэлдээ хөтлөгддөг бол хүчтэй хүн ганцаархнаа байхдаа ч дур хүслээ хазаарлаж чаддаг.

МИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Дур хүсэл хөдөлгөх юмыг биш, цэвэр ариун юм бодохын тулд би ингэнэ

Дур хүсэлдээ хөтлөгдөхийн оронд би ингэнэ

Би аав ээжээсээ ийм ийм юмны тухай асууна

ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

● Ехова Бурхан «уучлахад бэлэн» байдгийг яагаад санах хэрэгтэй вэ? (Дуулал 86:5).

● Бурхан хүнийг бэлгийн дур хүсэлтэй бүтээсэн. Бас биеэ захирч байхыг уриалдаг. Тэгвэл Ехова чамайг яаж чадна гэдэгт итгэдэг гэсэн үг вэ?

[Товчлол]

«Энэ зуршлаа хаяснаас хойш сэтгэл өвдөхөө больж, Еховатай илүү дотно болсон. Энэ сайхан харьцаагаа эвдмээргүй байна!»—Сара

[Зураг]

Гүйж байгаад уналаа гэхэд дахиад гараанаас эхлэх хэрэггүй шүү дээ. Үүнтэй адилаар гар хангалга хийх зуршилдаа дийлдлээ ч өмнөх хичээл зүтгэл чинь талаар боллоо гэсэн үг биш