Хоёрдугаар Коринт 8:1–24

  • Иудейн дагалдагчдад зориулсан хандив (1-15)

  • Титийг Коринт руу явуулах тухай (16-24)

8  Ах дүү нар аа, Македоны хурлуудыг Бурхан хэрхэн нигүүлссэнийг та нарт бичье.  Тэд хүнд бэрх сорилтын үед зовж байсан ч баяр хөөрөөр бялхаж, туйлын ядуу зүдүү ч өгөөмөр байсан юм.  Чадах чинээгээрээ өгснийг нь, бүр илүүг өгснийг нь би гэрчилнэ.  Ариун хүмүүст туслах*, хандив өгөх завшаан олгохыг тэд биднээс шаргуу гуйж байсан бөгөөд  бодсоноос маань ч ихийг хийсэн. Учир нь тэд Бурхны таалалд нийцүүлж, юуны түрүүнд, Эзний тө⁠лөөх ажилд чин сэтгэлээсээ оролцож, бидэнд ч бас үйлчилсэн юм.  Хандив өргөх энэ ажлыг эхлүүлсэн шигээ дуусгахыг бид Титэд хэлсэн.  Та нар бүх талаар, тухайлбал, итгэл, үг, мэдлэг, хичээл зүтгэлээр баян бөгөөд бидний хайранд умбаж байдаг хүмүүс билээ. Энэхүү өгөөмөр сэтгэлийн үйлсээр бас бялхаарай.  Би та нарт тушааж байгаа юм биш шүү. Харин бусад хүн хичээж мэрийж байгааг та нарт ойлгуулахын зэрэгцээ жинхэнэ ёсоор хайрладаг эсэхийг тань харах гэсэн юм.  Учир нь Эзэн Есүс Христ хэчнээн нигүүлсэнгүйг та нар мэднэ шүү дээ. Тэрээр баян байсан ч та нарыг баян болгох гэсэндээ та нарын төлөө ядуу болсон. 10  Энэ талаар би юу бодож байгаагаа хэлье. Энэ нь та нарт тустай. Та нар жилийн өмнө энэ ажлыг эхэлсэн төдийгүй туслах гэсэн чин хүсэлтэйгээ харуулсан. 11  Тэгвэл одоо, дуртайяа эхэлсэн ажлаа боломжоороо хийгээд дуусгаарай. 12  Учир нь Бурхан дуртайяа өгсөн юмыг авдаг. Чадахгүй юмаа бус, чадах юмаа хийгээсэй гэж хүсдэг. 13  Бусдад хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, 14  бүгд тэгш байгаасай гэснийх юм. Та нар элбэг дэлбэг юмаараа одоо тэдний дутууг нөхнө. Тэд элбэг дэлбэг юмаараа та нарын дутууг нөхөж болох шүү дээ. Тэгэхээр тэгш байна. 15  «Ихийг хураасанд нь илүүдсэнгүй, багыг хураасанд нь дутсангүй» гэж бичсэн байдаг. 16  Бид та нарт чин сэтгэлээсээ санаа тавьдаг шиг Титийг бас тийм болгосон Бурхандаа талархаж байна. 17  Тит бидний хэлснийг хүлээж авсан, бидний хэлснийг хийе гэсэн чин хүсэлтэй байсан. Тиймээс сайн дураараа та нар луу очих гэж байна. 18  Сайн мэдээ тунхагладгаараа хурлынхны дунд магтагддаг нэг хүнийг Титтэй хамт явуулж байна. 19  Үүнээс гадна, түүнийг бидэнтэй хамт хандивын ажилд оролцуулахаар хурлууд* томилсон. Хандивын ажил Эзнийг алдаршуулна, бусдад туслахад бэлэн байдгийг маань батална. 20  Хандивын ажлыг хариуцаж байгаа бид хэний ч өмнө буруутан болохгүй гэсэндээ ийнхүү болгоомжилж байгаа юм. 21  Учир нь бид «ямар ч юмыг хийхдээ шударга байхыг хичээдэг. Үүнийг Ехова* ч, хүмүүс ч хардаг». 22  Тэдэнтэй хамт бас нэг хүнийг явуулж байна. Олон удаа шалгаж үзээд хичээл зүтгэлтэйг нь мэдсэн юм. Тэр та бүхэнд итгэдэг учир бүр ч хичээнгүй байгаа. 23  Хэрэв Титийн тухайд эргэлзээ төрвөл, тэр бол миний хамтрагч, та нарын сайн сайхны төлөө надтай хамт зүтгэгч гэдгийг нь хэлье. Хамт очих хүмүүсийнх нь тухайд эргэлзээ төрвөл, тэд бол хурлын элч бөгөөд Христийг алдаршуулдгийг нь хэлье. 24  Тиймээс тэдэнд хайртайгаа батлаарай. Бидний бахархал болдгоо хурлуудад харуулаарай.

Зүүлт

Үгч. «үйлчлэх»
Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс
Үгийн тайлбарыг үзнэ үү.