Иов 1:1–22

  • Иовын үнэнч байдал ба хөрөнгө чинээ (1-5)

  • Иов буруу сэдлээр Бурхныг шүтдэг гэсэн асуудлыг Сатан хөндөв (6-12)

  • Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдав (13-19)

  • Иов Бурхныг буруутгасангүй (20-22)

1  Уз хэмээх нутагт Иов* гэдэг хүн амьдардаг байжээ. Тэрбээр гэм зэмгүй, шулуун шударга, Бурхнаас эмээдэг, муу муухай бүхнээс хол явдаг хүн байв.  Түүнд долоон хүү, гурван охин төржээ.  Тэрбээр дорнын хүмүүсээс хамгийн агуу нь байсан бөгөөд 7 000 хонь, 3 000 тэмээ, 1 000 үхэр*, 500 илжиг*, асар олон зарцтай байв.  Хөвгүүд нь тус тусын товлосон өдрөө гэртээ найр хийдэг байлаа. Тэд гурван охин дүүгээ* уриад идэж уудаг байжээ.  Хөвгүүдийнх нь найрын өдрүүд өндөрлөхөд Иов хүүхдүүдээ ариусгахаар дуудуулдаг байв. Тэгээд өглөө эртлэн босож хүүхэд бүрийнхээ төлөө шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь тэрбээр: «Хүүхдүүд маань нүгэл үйлдэж, дотроо Бурхныг хараасан байх вий» гэж боддог байв. Энэ нь Иовын заншил болжээ.  Жинхэнэ Бурхан Еховагийн өмнө хөвгүүд* нь цугладаг өдөр Сатан бас ирж тэдний дунд зогсов.  Тэгтэл Ехова Сатанаас «Чи хаанаас ирэв?» гэж асуулаа. Сатан Еховад «Дэлхийгээр хэрэн хэсүүчилж яваад ирлээ» гэв.  Ехова Сатанд «Чи миний үйлчлэгч Иовыг анзаарав уу? Дэлхий дээр түүн шиг хүн ганц ч алга. Тэр бол гэм зэмгүй, шулуун шударга, Бурхнаас эмээдэг, муу муухай бүхнээс хол явдаг хүн» гэжээ.  Сатан Еховад «Иов ямар ч шалтгаангүйгээр Бурхнаас эмээдэг гэж үү? 10  Та түүнийг, гэрийнхнийг нь, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь хамгаалаагүй гэж үү? Та түүний ажил үйлсийг ивээсэн учир мал сүрэг нь тал дүүрэн бэлчиж байна шүү дээ. 11  Харин одоо мутраа сунгаж, байгаа бүхнийг нь буцааж аваач. Тэгвэл тэр таныг нүүрэн дээр тань харааж л таарна» гэлээ. 12  Ехова Сатанд «Иовынх гэсэн бүхнийг чиний мэдэлд өгье. Харин өөрт нь бүү хүрээрэй» гэжээ. Ингээд Сатан Еховагаас салж явав. 13  Иовын охид хөвгүүд том ахынхаа гэрт зоог барьж, дарс ууж байсан өдөр 14  зарц нь Иов дээр ирээд «Үхрүүд газар хагалж, илжигнүүд хажууханд нь идээшилж байтал 15  савечууд ирж довтлоод бүх үхэр илжгийг тань булаан авч, зарц нарыг тань илдээр хөнөөчихлөө. Би л ганцаараа амьд үлдэж танд хэлэхээр ирлээ» гэв. 16  Түүнийг ярьж дуусаагүй байтал өөр нэг зарц ирээд «Бурхны гал* тэнгэрээс бууж хонин сүргийг тань зарц нартай хамт юу ч үгүй шатаачихлаа. Би л ганцаараа амьд үлдэж танд хэлэхээр ирлээ» гэж хэлэв. 17  Түүнийг ярьж дуусаагүй байтал өөр нэг зарц нь ирээд «Гурван бүлэг халдейчууд довтолж таны тэмээнүүдийг булааж, зарц нарыг тань илдээр хөнөөчихлөө. Би л ганцаараа амьд үлдэж танд хэлэхээр ирлээ» гэжээ. 18  Түүнийг ярьж дуусаагүй байтал бас нэг зарц нь ирээд «Таны охид хөвгүүдийг том хүүгийн тань гэрт зоог барьж, дарс ууж байтал 19  цөлөөс гэнэт хүчтэй шуурга дэгдэж байшингийн дөрвөн ханыг цохиод нураачихлаа. Хүүхдүүд тань бүгдээрээ үхсэн. Би л ганцаараа амьд үлдэж танд хэлэхээр ирлээ» гэв. 20  Иов үүнийг сонсмогцоо босож хувцсаа ураад, үсээ хусав. Тэгээд сөгдөн мөргөж 21  ийн хэлэв: «Эхийн хэвлийгээс би нүцгэн унасан,Эргээд би нүцгэн буцна. Ехова өгсөн, Ехова авлаа. Еховагийн нэр үргэлж магтагдах болтугай». 22  Иов ийм их зовлон амссан ч нүгэл үйлдсэнгүй, Бурхныг ч буруутгасангүй.

Зүүлт

«Дайсагналын бай» гэсэн утгатай бололтой.
Үгч. «500 хос үхэр»
Үгч. «эм илжиг»
Еврей үг нь эгч, эмэгтэй дүүгийн аль алийг илэрхийлдэг.
Тэнгэрийн элчүүдийг хэлж байна.
Эсвэл «аянга» гэсэн бололтой.