Галатчуудад бичсэн захидал 3:1–29

  • Хууль сахих ба итгэхийн ялгаа (1-14)

    • Шударга сайн хүн итгэлийнхээ дагуу амьдарна (11)

  • Абрахамд өгсөн амлалт Хуульд үндэслээгүй (15-18)

    • Абрахамын үр хүүхэд бол Христ (16)

  • Хуулийн зорилго (19-25)

  • Итгэдгийнхээ ачаар Бурхны хөвгүүд болсон (26-29)

    • Абрахамын үр хүүхэд Христийнх (29)

3  Мунхаг галатчууд аа! Хэн та нарыг мэхлэв? Есүс Христ шонд хадуулж үхсэн гэдгийг бид та нарт тодорхой заасан шүү дээ.  Ганц юм асууя. Та нар Бурхны агуу хү⁠чийг хууль сахиад авсан уу, эсвэл сонссон зүйлдээ итгээд авсан уу?  Та нар тийм мунхаг гэж үү? Бурхнаар удирдуулан явж эхэлсэн атлаа одоо хүний үзэл бодлыг дагаж байгаа юм уу?  Та нар дэмий юмны төлөө тэгж их зовсон хэрэг үү? Дэмий юмны төлөө биш байсан гэж би итгэж байна.  Тэр нэгэн Бурхны агуу хүчийг та нарт өгдөг, дунд чинь гайхамшиг үйлддэг. Та нарыг хууль сахидаг учраас тэгдэг үү? Эсвэл та нарыг сонссон зүйлдээ итгэдэг учраас тэгдэг үү?  Абрахам «Еховад* итгэдэг учир түүнийг шударга сайнд тооцсон» гэдэггүй билүү?  Итгэдэг хүн Абрахамын хүүхэд мөн гэдгийг та нар мэддэг нь лавтай.  Бурхан харь үндэстнүүдийг итгэлд нь үндэслэн зөв хүмүүс гэж үзэхийг судар урьдаас мэдээд Абрахамд «Чиний үр хүүхдээр дамжин бүх үндэстэн ивээл хүртэнэ» гэсэн сайн мэдээг тунхагласан.  Тиймээс итгэдэг хүмүүс итгэж байсан Абрахамтай хамт ивээл хүртэж байна. 10  Хууль сахиад аврагдана гэж итгэдэг хүн хараагдана. Учир нь «Хуулийн номонд бичсэн бүхнийг сахин биелүүлдэггүй хүн хараагдана» гэж байдаг шүү дээ. 11  Түүнээс гадна, «Шударга сайн хүн итгэлийнхээ дагуу амьдарна» гэж бичсэн байдаг учир хууль сахидаг хэн ч Бурхны хувьд зөв хүн болох аргагүй нь тодорхой юм. 12  Итгэх ёстой гэсэн хуулийн заалт байдаггүй. Харин ч «Хууль сахидаг хүн үүнийхээ ачаар амьд явна» гэж байдаг. 13  Христ өөрөө бидний өмнөөс хараагдаж, биднийг Хуулийн хараалаас хэлтрүүлэн худалдаж авсан билээ. Учир нь «Шонд хадуулсан хэн боловч хараагдсан хэрэг» гэж бичсэн байдаг. 14  Энэ нь Бурхан Абрахамд хүртээхээр амласан ивээлээ Христ Есүсээр дамжуулан харь үндэстнүүдэд бас хүртээхийн тулд байсан. Үүний ачаар бид итгэлийнхээ үндсэн дээр, амласан агуу хүчийг нь Бурхнаас авах юм. 15  Ах дүү нар минь, би жишээгээр тайлбарлая. Хүмүүсийн байгуулсан гэрээ ч хүчин төгөлдөр болбол хэн ч түүнийг цуцлах юм уу нэмэлт зүйл оруулах эрхгүй байдаг. 16  Бурхан Абрахам болон үр хүүхдэд нь амлалт өгсөн билээ. Сударт «чиний үр удамд» гэж олны талаар бус, харин «чиний үр хүүхдэд» гэж ганцын талаар хэлсэн. Тэр нь Христ юм. 17  Бас нэг юм хэ⁠лье. Бурхан Абрахамтай гэрээ байгуулснаасаа хойш 430 жилийн дараа Хууль өгсөн. Энэ хуулиараа гэрээгээ цуцлаагүй, амлалтаа хүчингүй болгоогүй юм. 18  Хэрэв хуульд үндэслэн өв залгамжлуулдаг юм бол амлалтад үндэслэдэггүй гэсэн үг. Харин Бурхан сайхан сэтгэл гаргаж амлалтынхаа дагуу Абрахамд өв өгсөн шүү дээ. 19  Тэгвэл Хууль ямар хэрэгтэй юм бэ? Амлалтын ач тусыг хүртэх үр хүүхэд иртэл, хүн нүгэлтэй гэдгийг илчлэх зорилготой байсан бөгөөд уг хуулийг тэнгэрийн элчээр дамжуулж, зуучийн гараар өгүүлсэн. 20  Хоёр тал байвал зууч хэрэгтэй. Харин амлалт өгөхөд зуучийн хэрэг байгаагүй. Бурхан ганцаараа амласан. 21  Тэгвэл Хууль нь Бурхны амлалттай зөрчилддөг гэсэн үг үү? Үгүй ээ! Хэрэв хүмүүс амь өгөх чадалтай хууль авсан бол хууль сахиад Бурхны хувьд зөв болох байв. 22  Харин Судар бүх юмыг нүглийн эрхшээлд оруулсан нь хүмүүс Есүс Христэд итгээд Бурхны амласан ивээлийг хүртэхийн тулд юм. 23  Гэхдээ бид Христэд итгэхээсээ өмнө Бурхан юу илчлэхийг хүлээнгээ Хуульд захирагдаж, Хуулиар харгалзуулж байлаа. 24  Тэгэхээр, Хууль нь биднийг Христ рүү хүргэж өгөх хамгаалагч* байсан. Бурхан итгэлд маань үндэслэн биднийг зөв гэж тооцох юм. 25  Одоо бид Христэд итгэдэг болсон учир хамгаалагч хэрэггүй. 26  Христ Есүст итгэдгийнхээ ачаар та нар бүгдээрээ Бурхны хөвгүүд болсон. 27  Учир нь баптисм хүртэж Христтэй нэгдсэн та нар бүгдээрээ Христтэй адил болсон. 28  Христ Есүстэй нэгдсэн та нар бүгдээрээ нэг хүн мэт болсон учир иудей юү, грек үү, боол уу эсвэл эрх чөлөөт хүн үү, эрэгтэй юү, эмэгтэй юү гэдэг нь хамаагүй. 29  Түүнээс гадна, та нар Христийнх юм бол Абрахамын үр хүүхэд гарцаагүй мөн бөгөөд түүнд амласан өвийг хүлээн авна.

Зүүлт

Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «гэрийн багш»