Skip to content

Бид энгийн амьдрахаар шийдсэн

Бид энгийн амьдрахаар шийдсэн

 Мадиан Марсела хоёр Колумбийн Меделлинд хангалуун амьдардаг байсан. Мадиан өндөр цалин авдаг байсан учраас тэд тохилог сайхан орон сууцтай байв. Гэхдээ Ехова Бурхны үйлчлэгчийн хувьд амьдралд юу нь илүү чухал вэ гэдгийг бодоход хүргэсэн нэг явдал болсон. Энэ тухай тэд: «Бид 2006 онд “Нүд чинь нэг л юмыг харж байг” сэдэвтэй нэг өдрийн тусгай чуулганд суусан юм. Олон илтгэлээр, амьдралаа энгийн болгож Бурханд түлхүү үйлчлэхийг уриалсан. Харин бидний амьдрал тэс өөр байсан. Бид бүр юм худалдаж авах өвчтэй болсон байсан учраас их өртэй байсан» гэжээ.

 Чуулганы илтгэлийн ачаар Мадиан Марсела хоёр өөрчлөлт хийх хэрэгтэйгээ ойлгож, амьдралаа энгийн болгож эхлэв. Тэд: «Бид зардлаа багасгаж эхэлсэн. Байрнаасаа гарч, жижгэвтэр байранд орсон. Машинаа зарж, оронд нь мотоцикл авсан» гэж ярьжээ. Бас тэд юм худалдаж авах хоббигоо хөдөлгөхгүйн тулд худалдааны төвд орохоо больсон. Харин хүмүүст Библийн тухай ярихад илүү цаг заваа зориулдаг болсон. Бас Ехова Бурханд идэвх зүтгэлтэй үйлчилдэг тусгай эхлэгчидтэй дотноссон. a

 Удалгүй Мадиан Марсела хоёр үйлчлэлээ өргөжүүлэхээр шийдэж, хэрэгцээ ихтэй хөдөөгийн нэг жижиг хуралд шилжив. Ингэхийн тулд Мадиан ажлаасаа гарчээ. Дарга нь яагаад ийм өндөр цалинтай ажлаас гарч байгааг ер ойлгохгүй байв. Тэгэхэд нь Мадиан: «Та хангалттай мөнгө авдаг. Харин аз жаргалтай байна уу?» гэж асуусан. Дарга нь шийдэж чадахгүй олон бэрхшээл байдаг учраас аз жаргалтай биш байдгаа хүлээн зөвшөөрсөн. Мадиан: «Тэгэхээр хэр их мөнгө авч байгаа нь чухал биш. Харин намайг юу жаргалтай болгож байгаа нь чухал. Эхнэр бид хоёр Бурхны тухай ярихаараа жаргалтай болдог. Илүү их жаргалтай байхын тулд энэ ажилдаа бүр ч илүү цаг зориулмаар байна» гэж ярьжээ.

 Мадиан Марсела хоёр Бурханд үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавиад сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа. Одоо тэд тусгай эхлэгчид бөгөөд сүүлийн 13 жил Колумбийн баруун хойд хэсэгт буй дэлгэрүүлэгчийн хэрэгцээтэй хуралд үйлчилж байна.

a Тусгай эхлэгчид тодорхой нутаг дэвсгэрт сайн мэдээг бүрэн цагаар дэлгэрүүлдэг. Тэднийг Еховагийн Гэрчүүдийн орон нутгийн салбараас томилдог бөгөөд наад захын хэрэгцээг хангах бага хэмжээний мөнгө олгодог.