Skip to content

САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?

Хөтөч халимын арьс өөрийгөө цэвэрлэх чадвартай

Хөтөч халимын арьс өөрийгөө цэвэрлэх чадвартай

 Сахал хөлтөн гэх мэтийн далайн бичил амьтад усан онгоцны ажилтнуудад багагүй төвөг уддаг. Тэдгээр нь усан онгоцны ёроолд наалдаж бэхлэгдэн, өсөж үрждэгээс болоод онгоцны хурд саарч, түлш зарцуулалт нэмэгдэж, онгоцыг 2 жил тутамд эрэг дээр гарган ёроолыг нь цэвэрлэх шаардлагатай болдог. Эрдэмтэд энэ асуудлыг шийдэх аргыг байгалиас хайж байна.

 Бодож үзээрэй: Урт сэлүүрт хөтөч халимын (Globicephala melas) арьс өөрийгөө цэвэрлэх чадвартай нь судалгаагаар тогтоогджээ. Арьс нь маш жижиг иржгэр судалтай (нано судал гэдэг) учир сахал хөлтний авгалдай наалдаж чаддаггүй. Нано судлуудын хоорондох завсраас цэлцгэнэсэн шүүрэл ялгарч далайн замаг, бактери наалдахаас хамгаалдаг. Арьс нь гуужихад шинэхэн шүүрэл ялгардаг байна.

 Эрдэмтэд халимын энэ өвөрмөц онцлогоос санаа авч усан онгоцны ёроолыг цэвэрлэх арга зохиохоор ажиллаж байна. Урьд нь усан онгоцны ёроолыг усны амьтан наалдахаас сэргийлсэн будгаар буддаг байв. Гэхдээ далайн амьтдад хортой учраас ийм будаг хэрэглэхийг хориглосон. Эрдэмтэд энэ асуудлыг шийдэх нэг санал дэвшүүлжээ. Онгоцны ёроолыг олон жижиг нүхтэй төмөр хавтангаар бүрнэ. Нүхнээс нь амьтанд хоргүй бодис ялгарах бөгөөд далайн устай урвалд орохоороо зунгааралдсан шингэн болж онгоцны ёроолыг бүрхсэн хальс үүсгэнэ. Хальс зузаарсаар 0,7 мм орчим болохоороо өөр дээрээ наалдсан бичил амьтадтай хамт онгоцны ёроолоос ховхорч унана. Ийм үйл явц дахин дахин давтагдаж усан онгоцны ёроол цэвэрлэгдэнэ.

Сахал хөлтнүүд усан онгоцны хурдыг сааруулдаг бөгөөд цэвэрлэхэд амаргүй байдаг

 Цэвэрлэх энэ арга нь далайн амьтан усан онгоцны ёроолд наалдаж үржих боломжийг 100 дахин бууруулах чадвартайг лабораторийн туршилтаар баталж байна. Онгоцыг уснаас гаргаж ёроолыг нь цэвэрлэх ажил зардал ихтэй учир дээрх арга онгоцны компаниудад ихээхэн ашигтай юм.

 Та юу гэж бодож байна вэ? Хөтөч халимын арьс өөрийгөө цэвэрлэх чадвартай нь санамсаргүй тохиолдол уу? Эсвэл ийм чадвартайгаар бүтээсэн юм болов уу?