Skip to content

САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?

Далайн гахайн «локатор»

Далайн гахайн «локатор»

 Далайн гахай нь исгэрэх, чахрах дуу гаргаад, ойж ирсэн цуурайгаар баримжаалан орчноо мэдэрч усан дотор зүг чигээ олж явдаг. Эрдэмтэд лонхон хошуут далайн гахайн (Tursiops truncatus) дууны долгион мэдрэх чадвар буюу байгалийн «локатор»-аас санаа авч усан дотор ажилладаг байршил тогтоогчийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна.

 Бодож үзээрэй. Далайн гахай нь дууны долгионыг мэдрэх гайхалтай чадвартай учир далайн гүний элсэнд нуугдсан загасыг олох юм уу загас чулуу хоёрыг ялгаж чаддаг байна. Бас «саван дотор цэвэр ус, давстай ус, сироп, тосны аль нь байгааг 10 метрийн цаанаас» ялгаж чаддаг гэж Шотландын Эдинбург хотын Хериот Ваттын Их сургуулийн дэд профессор Кит Браун ярьсан юм. Эрдэмтэд ийм чадвартай төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна.

Далайн гахай саван дотор юу байгааг 10 метрийн цаанаас мэддэг

 Тэд далайн гахайн дуу авиа, сонсголыг судалсны үндсэн дээр ийм зарчмаар ажилладаг маш нарийн бүтэцтэй электрон төхөөрөмж бүтээхийг оролджээ. Үүнийгээ метр хүрэхгүй урттай цилиндрт хийж, усан дотор ажиллах зориулалттай робот машинд суурилуулсан байна. Дуу авиагаар байршил тогтоох энэхүү төхөөрөмж нь далайн гүнийг судлах, кабель утас, хийн хоолой гэх мэтийн булагдсан зүйлсийг олж илрүүлэх, тэдгээрийг зайнаас судлан шинжлэх зориулалттай. Тус төхөөрөмжийг газрын тос болон байгалийн хийн салбарт ашиглаж болно гэж зохион бүтээгчид нь үзэж байна. Далайн гахайнаас санаа авсан локатор нь одоо байгаа байршил тогтоох төхөөрөмжүүдийг бодвол илүү их мэдээлэл цуглуулдаг. Үүний үрээр, далайн гүнээс газрын тос олборлох байгууламж гэх мэтийг хамгийн тохиромжтой газар суурилуулах боломж бүрдэнэ. Мөн уг байгууламжийн тулгуурт гарсан өчүүхэн гэмтлийг буюу хүний үсний диаметрийн хэмжээтэй цууралтыг, цаашилбал хоолойн бөглөрлийг илрүүлэхэд тустай.

 Та юу гэж бодож байна вэ? Лонхон хошуут далайн гахайн «локатор» санамсаргүй бий болсон уу? Эсвэл ийм чадвартайгаар бүтээсэн юм болов уу?