Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Хүүхэд маань дээрэлхүүлээд байвал яах вэ?

Хүүхэд маань дээрэлхүүлээд байвал яах вэ?

 Хүү тань сургууль дээрээ дээрэлхүүлээд байгаагаа хэлбэл та яах вэ? Дээрэлхээд байгаа хүүхдийг нь шийтгэхийг сургуулийн захиргаанаас шаардах уу? Эсвэл хүүдээ яаж зодолдохыг зааж өгөх үү? Эхлээд, дээрэлхэх гэж яахыг хэлдгийг авч үзье. a

 Юу мэдэх хэрэгтэй вэ?

 Дээрэлхэх гэж яахыг хэлдэг вэ? Дээрэлхэх гэдэг нь байнга, санаатайгаар хэн нэгний бие махбодод халдаж, сэтгэл санаагаар нь дарамтлахыг хэлдэг. Тийм учраас доромжлол, хорон үйлдэл болгоныг дээрэлхэж байна гэж ойлгож болохгүй.

 Тэгвэл дээрэлхэх гэж яг яахыг хэлдгийг мэдэх нь яагаад чухал бэ? Уурыг нь хүргэсэн л бол шалихгүй зүйлийг ч «дээрэлхэж» байна гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ ингэж туулайн чинээ юмыг уулын чинээ болгоод байвал өөрөө ч мэдэлгүй хүүхдээ маргааныг шийдвэрлэх чадваргүй хүн гэж хэлж байна гэсэн үг. Хүүхдэд тань маргааныг шийдвэрлэх чадвар одоо ч, том болсон хойно нь ч их хэрэгтэй.

 Библийн зарчим: «Уурлах сэтгэлийг бүү урьтал болго» (Номлогчийн үгс 7:9).

 Хамгийн гол нь: Зарим үед хүүхдийнхээ асуудалд хөндлөнгөөс оролцох зайлшгүй шаардлагатай байдаг ч, заримдаа саад бэрхшээлийг сөрөн зогсох, маргаанаа шийдвэрлэж сурах боломжийг хүүхдэдээ олгох хэрэгтэй (Колосай 3:13).

 Тэгвэл хүүхэд тань байнга дээрэлхүүлдгээ хэлбэл яах вэ?

 Хүүхдэдээ яаж туслах вэ?

  •   Хүүхдээ тэвчээртэй сонсоорой. Ингэхдээ: 1) юу болоод байгааг 2) яагаад дээрэлхүүлээд байгааг нь олж мэдээрэй. Юу болсныг бүгдийг нь мэдэхгүй бол дүгнэлт хийх гэж битгий яараарай. Нэг бүрчлэн мэдэхийн тулд багштай нь, хүүхдийг тань дээрэлхээд байгаа хүүхдийн эцэг эхтэй нь ярилцаарай.

     Библийн зарчим: «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» (Сургаалт үгс 18:13).

  •   Хүүхэд тань дээрэлхүүлдэг бол ямар хариу үйлдэл үзүүлэхээс байдал нэг бол дээрдэнэ, үгүй бол дордоно гэдгийг ойлгуулаарай. Библид «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» гэж байдаг (Сургаалт үгс 15:1). Өшөө авбал дээрэлхүүлэхээ болих нь битгий хэл, улам л дээрэлхүүлнэ.

     Библийн зарчим: «Мууг муугаар, доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөө» (1 Петр 3:9).

  •   Өшөө авахгүй байх нь хулчгар гэсэн үг биш гэдгийг хүүхдэдээ тайлбарлаарай. Харин ч өөрийн гэсэн бодолтой, сэтгэлийн тэнхээтэйн шинж. Тэгэхээр хүүхэд тань хариу дээрэлхэхгүйгээр дээрэлхүү хүүхдийг дийлж чадна.

     Хүүхэд тань цахим дарамтад орж байгаа бол өшөө авахгүй байх нь бүр ч чухал. Цахимаар дарамтлахад мөчөөгөө өгөхгүй чатаар хэрэлдээд байвал дээрэлхүүлэхээ болихгүй. Харин ч өөрөө бусдыг дээрэлхэж байна гэсэн үг! Тиймээс заримдаа хариулахгүй байх нь хамгийн зөв хариулт юм. Энэ арга нь дээрэлхүү хүүхдийг мухардалд оруулдаг төдийгүй хүүхдийг тань ч буруу юм хийхээс хамгаална.

     Библийн зарчим: «Түлээ дутагдвал гал унтарна» (Сургаалт үгс 26:20).

  •   Хүүхэд тань аль болох дээрэлхүү хүүхдүүд болон тэдний байдаг газраас хол явах хэрэгтэй. Жишээлбэл тэдний хаана байдгийг нь мэддэг бол өөр замаар явж болно.

     Библийн зарчим: «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» (Сургаалт үгс 22:3).

Хүүхдийнхээ багш юм уу дээрэлхүү хүүхдийн эцэг эхтэй ярилцах хэрэг ч гарч магадгүй

 ОРОЛДООД ҮЗ: Хүүхдээрээ дараах хувилбаруудын эерэг, сөрөг талыг бодуулаарай.

  •  Дээрэлхүү хүүхдийг тоохгүй өнгөрөх

  •  Дээрэлхэхээ боль гэж зоригтой хэлэх

  •  Дээрэлхэж байгаа хүүхдийг сургуулийн захиргаанд мэдэгдэх

  •  Нөхөрсөг зан гаргах юм уу тоглоом шоглоом болгоод өнгөрөөх

 Бие махбодод нь халдсан ч бай, цахимаар дарамталсан ч бай нөхцөл бүр өөр өөр байдаг. Тийм болохоор гарах арга замыг хүүхэдтэйгээ ярилцаарай. Ийм хүнд үед нь түшиж тулахаа хэлээрэй.

 Библийн зарчим: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).

a Энэ өгүүллээр эрэгтэй хүүхдийн тухай авч үзэх ч, зарчмын хувьд эмэгтэй хүүхдэд ч хамаатай.