Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ

Хүүхэд ба ухаалаг утас (2-р хэсэг): Ухаалаг утсыг ухаалаг ашиглахыг хүүхдэдээ заагаарай

Хүүхэд ба ухаалаг утас (2-р хэсэг): Ухаалаг утсыг ухаалаг ашиглахыг хүүхдэдээ заагаарай

 Ухаалаг утсыг зөв ашиглавал хэрэгтэй эд. Харин буруу ашиглавал гай болно. Тэгвэл зөв ашиглахыг хүүхдэдээ яаж заах вэ? Жишээлбэл утсаа хэдэн цаг ашиглахыг нь зөвшөөрөх вэ? a

 Юу мэдвэл зохих вэ?

  •   Аюулд өртөж болзошгүй. Хүүхэд ухаалаг утсаар интернэт орчинд орж сайн ч, муу ч юмыг харж болдог гэж «Хүүхэд ба ухаалаг утас (1-р хэсэг): Хүүхдээ ухаалаг утастай болгох уу, яах вэ?» өгүүлэлд дурдсан.

     “Ухаалаг утсаар хүүхдүүд маань янз бүрийн болж бүтэхгүй хүмүүстэй холбогдох юм уу муу нөлөөнд автах аюул байдгийг эцэг эхчүүд мартчихдаг“—Бренда.

  •   Хүүхдэд удирдамж заавар хэрэгтэй. Өнөөгийн хүүхэд залуус хар багаасаа л техник технологийг хэрэглэж өсөж байна. Тэднийг бодвол томчууд саяхнаас мэддэг болсон. Тэглээ гээд эцэг эхчүүд техник технологийг ерөөсөө мэдэхгүй, хүүхдүүд ухаалаг утсаа хэзээ, яаж хэрэглэхээ өөрсдөө мэднэ гэсэн үг биш ээ.

     Танай хүүхэд ухаалаг утас яаж хэрэглэхээ танаас илүү сайн мэддэг байж болох юм. Гэхдээ ухаалаг ашиглаж чадна гэсэн үг биш. Техник технологийг маш сайн мэддэг хүүхдэд ч ухаалаг утсыг зохистой хэрэглэх талаар эцэг эхийн удирдамж заавар хэрэгтэй.

     «Хүүхдэдээ юу ч заалгүй ухаалаг утас өгөх нь жолооны курст суулгалгүй машины түлхүүр өгөөд жолоочийн суудалд суулгаж, машиныг асааж өгөөд “Болгоомжтой яваарай” гэж хэлж байгаатай адил»—Сет.

 Яах нь зүйтэй вэ?

  •   Утсанд нь ямар тохиргоо байгааг мэдэж аваарай. Утсаа зөв зохистой хэрэглэхэд нь тустай үйлдлүүдийн талаар мэдэж аваарай. Жишээлбэл:

     Утас хэрэглэх цаг, орох веб сайтыг хязгаарлах ямар тохиргоо байна вэ?

     Зохисгүй контентыг блоклох тохиргоо 100 хувь найдвартай биш гэдгийг та мэдэх үү?

     Утсыг хүүхдэдээ зөв ашиглаж сургая гэвэл та утасны тухай сайн мэдэх хэрэгтэй.

     Библийн зарчим: «Ухаантай хүн хүчээ бататгана» (Сургаалт Үгс 24:5).

  •   Хязгаар тогтоогоорой. Юуг зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүйг шийдээрэй. Жишээлбэл:

     Хүмүүстэй уулзаж, ярилцаж байхдаа эсвэл хоол идэж байхдаа утсаа оролдохыг нь зөвшөөрөх үү?

     Орондоо утсаа оролдохыг нь зөвшөөрөх үү?

     Ямар апп хэрэглэхийг нь зөвшөөрөх вэ?

     Өдөрт хэдэн цаг утас хэрэглэхийг нь зөвшөөрөх вэ?

     Ямар дүрэм тогтоосныг хэлж, дүрэм зөрчвөл арга хэмжээ аваарай.

     Библийн зарчим: «Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй» (Сургаалт Үгс 23:13).

  •   Хяналт тавиарай. Нууц үгийг нь мэдэж, ирсэн илгээсэн мессеж, суулгасан апп, авсан зураг, үзсэн сайтыг нь хянаж шалгаарай.

     «Бид охиндоо утсыг чинь гэнэт шалгана шүү гэж хэлсэн. Тэгээд зохисгүй хэрэглэснийг нь мэдвэл хэрэглээг нь хязгаарладаг»—Лорейн.

     Эцэг эхчүүд ээ, та нар хүүхэд тань утсаа хэрхэн ашиглаж байгааг мэдэх эрхтэй.

     Библийн зарчим: «Хүүхэд ч үйлдлээрээ цэвэр хийгээд зөв шулууныг үйлдэх эсэхээрээ танигдана» (Сургаалт Үгс 20:11 АБН, 2013 он).

  •   Зөвийг эрхэмлэдэг болгож хүмүүжүүлээрэй. Хүүхдээ зөв юм хийх хүсэлтэй болгоорой. Ингэх нь яагаад чухал вэ? Хүүхэд буруу юм хийхийг хүсвэл эцэг эхээсээ нуух арга замыг хайна. b

     Тийм учраас хүүхдээ шударга, биеэ захирдаг, хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээдэг хүн болгож хүмүүжүүлээрэй. Зөвийг эрхэмлэдэг хүүхэд ухаалаг утсыг зохистой ашиглана.

     Библийн зарчим: «Төлөвшсөн хүн оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг» (Еврей 5:14).

a Энэ өгүүлэлд «ухаалаг утас» гэдгээр интернэтэд холбогддог утсыг хэлсэн. Бичил компьютер л гэсэн үг.

b Жишээлбэл зарим хүүхэд гэм хоргүй тооны машин шиг харагддаг аппликейшн ашиглаж эцэг эхдээ үзүүлмээргүй юмаа нуудаг.