Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ГЭРЛЭЛТ

Цахим хэрэгслийг зөв ашиглах нь

Цахим хэрэгслийг зөв ашиглах нь

 Цахим хэрэгслийг хэрхэн ашиглах нь гэр бүлийн харилцаанд тус ч болж болно, ус ч болж болно. Танай гэр бүлийн хувьд ямар байдаг вэ?

 Мэдэх хэрэгтэй зүйл

  •   Цахим хэрэгслийг зөв ашиглавал эхнэр нөхрүүдэд тустай байдаг. Хоёр биеэсээ хол байхдаа цахим хэрэгслээр холбогдож болдог.

     «“Хайртай шүү”, “Санаж байна” гэсэн ганц мессеж явуулахад л бие биетэйгээ дотносдог»—Жонатан.

  •   Цахим хэрэгслийг хэт их ашиглавал гэр бүлийн харьцаанд муугаар нөлөөлдөг. Жишээ нь, цахим хэрэгслээсээ салдаггүй хүмүүс хань ижилдээ санаа тавьж, цаг заваа хангалттай зориулж чаддаггүй.

     «Гар утсаа оролдоогүй үед нөхөр маань надтай илүү их ярьдаг юм билээ»—Жулисса.

  •   Цахим хэрэгслээ оролдонгоо ханьтайгаа чухал асуудлаа ярилцах гэдэг хүн бий. Харин социологич Шэрри Төркөлийн хэлснээр «нэгэн зэрэг олон юм амжуулах боломжгүй» ажээ. Олон юм нэг дор амжуулахыг мундаг гэж хүмүүс боддог ч үнэндээ тийм биш. Дээрх социологич: «Нэг дор хэдийчинээ олон юм хийнэ, төдийчинээ ажлын бүтээмж буурдаг» гэжээ. a

     «Би нөхөртэйгөө ярьж суух их дуртай. Харин надтай ярингаа өөр юм хийвэл ерөөсөө таалагддаггүй. Намайг тоохгүй байгаа юм шиг санагддаг»—Сара.

 Гол санаа: Цахим хэрэгслийг хэрхэн ашиглах нь танай гэр бүлийн харилцаанд тус ч болж болно, ус ч болж болно.

 Яах нь зүйтэй вэ?

 Юу нь илүү чухал болохыг ухамсарлаарай. Библид «илүү чухал юмыг магадалдаг бай» гэж бий (Филиппой 1:10). Та хоёр «Бид цаг зав, анхаарал халамжаа бие биедээ зориулах ёстой атал цахим хэрэгслийг хэтэрхий их анхаараад байгаа юм биш биз?» гэж бодож үзээрэй.

 «Ресторанд хамт хооллож байхдаа дор дороо утсаа оролдоод сууж байгаа хосыг харахлаар үнэхээр харамсмаар. Цахим хэрэгслийн боол болж амьд харилцаа гэдэг хамгийн чухал зүйлээ умартаж болохгүй»—Мэтью.

 Хязгаар тогтоогоорой. Библид «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла» гэж байдаг (Эфэс 5:15, 16). «Яаралтай мессеж биш бол дараа уншаад хариулж болохгүй нь юу билээ?» гэж бодоорой.

 «Гар утасныхаа дууг хаагаад илүү тохиромжтой үедээ хариу бичих нь зөв юм билээ. Ер нь учиргүй яаралтай дуудлага, мессеж, мэйл гэж бараг л байхгүй»—Жонатан.

 Ханьтайгаа байхдаа ажлаа аль болох битгий хийгээрэй. Библид «бүх юм тогтоогдсон цаг мөчтэй» гэсэн байдаг (Номлогчийн үгс 3:1). «Би гэртээ байхдаа утсаараа албан ажлаа зохицуулж байна гээд гэр бүлийнхнийхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг уу? Үүнээсээ болоод ханиасаа хөндийрч байгаа юм биш биз? Эдгээр асуултад хань минь юу гэж хариулах бол?» гэж бодож үзээрэй.

 «Өнөө үед ажлаа цахим хэрэгслээр хэзээ ч, хаана ч хийх боломжтой болжээ. Тиймээс би эхнэртэйгээ хамт байхдаа ажлаа хийхгүй, утас руугаа өнгийгөөд байхгүйн тулд бүр их хичээх хэрэгтэй болж байна»—Мэтью.

 Ханьтайгаа ярилцаарай. «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» гэж Библид бий (1 Коринт 10:24). Дор бүрнээ цахим хэрэгслээ хэрхэн ашиглаж байгаагаа, мөн засах шаардлагатай юм байгаа бол хэрхэн засахаа ярилцаарай. Энэ өгүүлэлд гарсан «Юу ярилцах вэ?» гэдэг хавсралтаас санаа аваарай.

 «Нөхөр маань олон цагаар утас, таблетаа үзээд байвал би шударгаар хэлдэг, нөхөр маань ч тэгдэг. Яагаад гэвэл энэ нь бидний харьцаанд муугаар нөлөөлөхийг ойлгодог. Тийм учраас нэгнийхээ зөвлөгөөг дагадаг»—Даниел.

 Гол санаа: Цахим хэрэгслийнхээ боол нь биш эзэн нь байгаарай.

a «Reclaiming Conversation—The Power of Talk in a Digital Age» номоос иш татав.