Skip to content

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сексийн талаар хэрхэн ярилцах вэ?

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сексийн талаар хэрхэн ярилцах вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Хэн хүүхдэд сексийн тухай мэдлэг олгох ёстой вэ? Эцэг эхчүүдийн үүрэг гэдгийг Библид тодорхой бичсэн байдаг. Олон эцэг эх дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд ач тус хүртжээ.

  •   Ярихаасаа бүү ичээрэй. Секс, бэлгэ эрхтний талаар Библид илэн далангүй бичсэн байдаг. Эдгээрийг «хүүхэд багачуудад» заахыг Бурхан израйлчуудад тушаасан (Дэд хууль 31:12; Левит 15:2, 16–19). Хүүхдэдээ секс, бэлгэ эрхтний талаар тайлбарлахдаа ичиж зовоод байхаар зүйл биш гэдгийг ойлгуулан соёлтой үг хэллэг сонгон яриарай.

  •   Бага багаар мэдлэг олгоорой. Хүүхдийнхээ бэлгийн бойжилт эхлэхийн өмнө сексийн талаар нэг дор их ярихын оронд бага балчраас нь эхлэн насанд нь тохируулан тайлбарлаж өгч байгаарай (1 Коринт 13:11).

  •   Ёс суртахууны хэм хэмжээг зааж өгөөрэй. Хүүхэд сургууль дээрээ бэлгийн боловсрол эзэмшдэг байж болох юм. Гэхдээ Библид бичсэнээр, эцэг эхчүүд хүүхдэдээ бэлгийн боловсрол олгохдоо бие физиологийн талаас нь төдийгүй сексийн талаар зөв үзэлтэй, ёс зүйтэй байхад нь туслах үүрэгтэй (Сургаалт үгс 5:1–23).

  •   Хүүхдээ анхааралтай сонсоорой. Хүүхэд тань сексийн талаар асуувал сүр бадруулах юм уу хүүхдээ буруу юм хийчихэж гэж бүү бодоорой. Харин «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй (Яаков 1:19).

Садар самуунд уруу татдаг хүмүүсээс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

Хэрэв хүүхдийг тань садар самуунд уруу татвал яаж эсэргүүцэхийг зааж өгөөрэй

  •   Тийм хүмүүсийн тухай мэддэг болоорой. Садар самуунд уруу татдаг хүмүүс хүүхдийг яаж олзолдгийг мэдэж аваарай (Сургаалт үгс 18:15). «Охид хөвгүүдийн 10 асуултын хариу» товхимлын 8 дугаар асуултыг үзнэ үү.

  •   Хүүхдэдээ юу тохиолдож байгааг мэдэж байгаарай. Найдвартай эсэхийг нь мэдэхгүй хүнд хүүхдээ бүү даатгаарай. Бас хүүхдээ «дур зоргоор» нь бүү тавиарай (Сургаалт үгс 29:15).

  •   Хэнд дуулгавартай байх ёстойг хүүхдэдээ заагаарай. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байж сурах ёстой (Колосай 3:20). Хэрэв та хүүхдэдээ ямар ч том хүний үгэнд орж бай гэж хэлдэг бол хүүхэд тань садар самуунд уруу татдаг хүний эрхэнд орох аюултай. Гэрч эцэг эхчүүд хүүхдэдээ «Хүмүүс чамаар Бурхны буруу гэж үздэг зүйлийг хийлгэх гээд байвал хийж болохгүй шүү!» гэж үргэлж захих хэрэгтэй (Үйлс 5:29).

  •   Өөрийгөө хамгаалах энгийн аргыг заагаарай. Таны эзгүйд хүүхдийг тань хэн нэгэн уруу татахыг оролдвол яах хэрэгтэйг нь заагаарай. Тийм үед юу гэж хэлэхийг бэлдэн хамт дасгал хийгээрэй. «Болиоч! Би том хүнд хэлнэ шүү!» гэж итгэлтэй хэлээд хурдан зугтахыг зааж өгч, дасгал хийгээрэй. Хүүхэд амархан мартчихдаг тул дахин дахин сануулж байгаарай (Дэд хууль 6:7).