Skip to content

Ариун байна гэж яахыг хэлдэг вэ?

Ариун байна гэж яахыг хэлдэг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Ариун байна гэдэг нь бузар булай, бохир заваан зүйлээс тусгаар байна гэсэн үг. «Ариун» гэж орчуулдаг еврей үг нь «тусгаар» гэсэн үгнээс гаралтай. Тиймээс аливаа ариун юм нь цэвэр бөгөөд жирийн үед хэрэглэдэг зүйлээс тусгаар, ангид байдаг.

 Бурхан бол туйлын ариун Нэгэн. «ЭЗЭНтэй [Еховатай a] адил ариун хэн ч байхгүй» гэж Библид байдаг (1 Самуел 2:2). Тиймээс юуг ариун гэж үзэхийг зөвхөн Бурхан шийдэх эрхтэй.

 «Ариун» гэдэг үг Бурхантай холбоотой бүх зүйлд хэрэглэгддэг. Ялангуяа шүтлэгтэй холбоотой зүйлийг өөр зорилгоор хэрэглэдэггүй. Жишээ нь Библид:

  •   Ариун газар: Мосег шатаж буй бутны дэргэд зогсож байхад Бурхан түүнд «Чиний зогсож байгаа газар бол ариун газар» хэмээн хэлжээ (Египетээс гарсан нь 3:2–5).

  •   Ариун баяр: Эртний израйлчууд Еховаг шүтэхдээ «ариун цугларалтууд» хэмээн нэрлэдэг баяруудыг тогтмол тэмдэглэдэг байв (Левит 23:37).

  •   Ариун эд зүйлс: Бурхныг шүтэхэд зориулсан Иерусалимын эртний сүмд байсан зүйлүүдийг «ариун эд зүйлс» гэдэг байжээ (Хаадын дээд 8:4). Эдгээр зүйлд маш хүндэтгэлтэй хандах ёстой байв. Гэхдээ хэзээ ч тэдгээрийг шүтээн болгон ашигладаггүй байсан. b

Төгс бус хүн ариун байх боломжтой юу?

 Боломжтой. Бурхан үйлчлэгчдэдээ «Та нар ариун байх ёстой» хэмээн тушаасан (1 Петр 1:16). Мэдээж, төгс бус хүн Бурхны төгс ариун байдлын хэмжээнд яасан ч хүрч чадахгүй нь тодорхой. Гэхдээ хүн Бурхны тогтоосон шударга хуулийг дуулгавартай дагадаг бол «Бурханд тааламжтай, ... ариун» гэж тооцогддог (Ром 12:1). Ариун байхыг хичээдэг хүн үг яриа, үйл хэргээрээ ариун байгаагаа харуулдаг. Жишээлбэл «садар самуун явдлыг цээрлэж, ариун бай», «бүх талаар үргэлж ариун бай» гэсэн Библийн зөвлөгөөг дагадаг (1 Тесалоник 4:3; 1 Петр 1:15).

Бурханд ариун гэж тооцогддог байсан хүн ариун байхаа болих аюул бий юү?

 Бий. Биеэ зөв авч явах талаарх Бурхны тогтоосон хэм хэмжээг дагахаа боливол Бурхан тэр хүнийг ариун гэж үзэхээ болино. Жишээлбэл Библийн «Еврей» номонд «ариун ах дүү нар аа» гэж хэлсэн байдаг ч «Бурхнаас холдсоор итгэлээр дутмаг, бузар зүрхтэй болох» вий гэдгийг ч сэрэмжлүүлсэн байдаг (Еврей 3:1, 12).

Ариун байх талаарх буруу ташаа ойлголт

 Буруу ойлголт: Өөрийгөө ганд нь хаясан цагт л ариун байж чадна.

 Үнэндээ бол: «Биеэ зовоодог» эсвэл өөрийгөө ганд нь хаядаг хүн Бурханд таалагддаггүйг Библи тодорхой хэлсэн байдаг (Колосай 2:23). Хүнийг сайн сайхан зүйлийг амсаж эдлээсэй гэж Бурхан хүсдэг. «Хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» гэж Библид бий (Номлогчийн үгс 3:13).

 Буруу ойлголт: Гэрлээгүй хүн илүү ариун байдаг.

 Үнэндээ бол: Христийн дагалдагч хүн ганц бие байхаар шийдэж болох юм. Тэглээ гээд Бурханд илүү ариун хэмээн тооцогдоно гэсэн үг биш ээ. Гэрлээгүй хүн Бурханд сатаарах юмгүйгээр үйлчилж чаддаг нь үнэн (1 Коринт 7:32–34). Гэрлэсэн хүмүүс ч ариунд тооцогддог гэж Библид хэлсэн байдаг. Жишээлбэл Есүсийн элч нарын нэг Петр эхнэртэй хүн байсан (Матай 8:14; 1 Коринт 9:5).

a Ехова гэдэг нь Бурхны оноосон нэр юм. Энэ нэрийг «ариун» гэдэг үгтэй холбож бичсэн зүйл Библид маш олон байдаг.

b Шүтлэг мөргөлд хэрэглэдэг зүйлүүдийг шүтээн болгон ашиглахыг Бурхан буруушаадаг (1 Коринт 10:14).